Солиотой, хөгжилтэй, галзуу хувцаслах боломж хорин насанд бий...

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Хорин настай байсан сан бол би кеды, өнгө өнгийн колготки, дэрэвгэр хормойтой эрээн даашинз, милитари загварын гутал, хэт томдсон цамц өмсөх байлаа.

Хумс бүрээ өнгө өнгөөр будаад дээр нь хөөрхөн хөөрхөн юм зураад явах байлаа. Шар, цэнхэр, ногоон өнгийн тень түрхээд хацар дээрээ смайл наачих байлаа.

Би хорин насандаа хонхны баярын үдэшлэг дээр бариу урт хар хамба хилэн даашинз дээр өндөр өсгийтэй хар туфли өмсөөд үсээ шууж зассандаа одоо ичиж бас харамсаж байна. Тийм харагдахыг би одоо ч, хорин жилийн дараа ч, үхчихгүй бол дөчин жилийн дараа ч гаргаж чадна шүү дээ.

Гэтэл хорин нас... Хорин настнууд минь! Классик загварын өндөр өсгийтэй туфли битгий өмсөөрэй. Өсгийтэй гутал өмсмөөр байвал хэт өндөр өсгийтэй загварууд өмсөөрэй. Ажил хэрэгч хослол яасан ч, бүр яасан ч битгий өмсөөрэй. Туфли өмсвөл платьетай битгий хослуулаарай. Эрэгтэй загварын гутал дээр хөнгөн даашинз хамаагүй стильтэй харагддаг юм шүү.

Sexy стиль No шүү!... Секси төрхийг гучин настнуудад, гламур төрхийг дөчин настнуудад үлдээ.

Үсээ арзайлга, сэгсийлгэ, хоёр салаа боо, сүлж... Та нар залуухан, бүр хэт залуухан байна шүү дээ! Панк, оверсайз, юнисекс, кавай... Энэ бүхэн та бүхний төлөө юм шүү.

Эцсийн эцэст авгай стиль гэдэг чинь бариу даашинз+өндөр өсгийтэй туфли, ажил хэрэгч хослол+өндөр өсгийтэй туфли, алтан мөнгөн хослол, а ля "үсчингээс дөнгөж сая гарсан" стилийн ороосон, индүүдсэн үс юм шүү. Юу нь муу гэж... Авгай байна гэдэг, гламур авгай байна гэдэг сайхан л хэрэг ш дээ. Гэхдээ хорин насанд биш!

Хичээсэн, хэт хичээсэн, бүүр хэт хичээсэн төрх, ээмэг зүүлтний хослол, гутал цүнхний хослол, үргэлж мөнхийн өндөр өсгийт, хэт бариу, хэт секси бүхэн хоёр мянгаад онтойгоо хоцрогдсон гэж Космо сэтгүүл дээр бичсэн байна лээ. А мы верим в Космо. Космо бол библи.

Солиотой, хөгжилтэй, галзуу хувцаслах боломж залуу насанд бий. Хаврын сайхан өдрүүд ирж байна. Солиоруулцгаагаарай, охид оо! Бид... Бид болохгүй ш дээ. Бас дэмий... Гэхдээ натурал төрх, хэт хичээсэн биш стиль, эцсийн эцэст огт өсгийгүй гутал өмсөх боломж бидэнд үлдэнэ ээ.

Жамсранжавын Даваадулам

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.