Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдэд Чингис хаан хүүхэлдэйн киног үзүүллээ

Twitter Print
2018 оны 04-р сар 14-нд 18:19 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран асрамж халамжийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүлж, баярлууллаа.

Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж "Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя.

Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа.

Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй" гэв.

Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халасжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг ийнхүү баярлуулжээ. Хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох "Чингис хаан" хүүхэлдэйн киног үзэж, гарын бэлэг авсан юм. Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.