Киров хүртэл хэр хол байна вэ?

Twitter Print
2018 оны 04-р сар 14-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Хот хоорондын зорчигч тээврийн автобус Киров хотын зүг давхиж явна. Зорчигчид, гурван настай болов уу гэмээр жаалхүү ааваасаа элдвийн юм асууж шалгаан, аав нь “Энэ бол трактор... өвс хаддаг юм. Харин энэ бол бензин түгээх газар... энд дү-дү машинуудад бензин хийж өгдөг юм...” гэх зэргээр хариулахыг сонсож явлаа. Хүү “Аав аа, бид нар Кировт хэзээ хүрэх юм бэ?” гэхэд аав нь автобусны урд талын цонхоор харж байгаа мэт дүр эсгэн “Бараг хүрлээ дээ” гэлээ.

Автобус явсаар төмөр замын гарамд тулж ирээд, ачааны галт тэрэг өнгөрөхийг хагас цаг хэртээ хүлээж зогслоо. Төмөр замын гарамнаас холгүйхэн улаан зүсмийн залуу бух, хоёр үнээ, тав зургаан хонь өвс зулгаан бэлчиж яваа харагдана.

Энэ дүр зураг хүүгийн сонирхлыг татсан нь мэдээж. Тэрээр аавыгаа “Энэ юу вэ? Энд юу хийж байгаа юм бэ?” гэх мэт асуултаар бөмбөгдөж гарлаа. Аав нь: “Энэ бол үнээ... Харин энэ бол хонь, өвс идэж байна...” гэх мэтээр хариулж байна. Жолооч хөдөлгүүрээ унтраасан байсан тул аав хүү хоёрын яриа зорчигчдод тодхон сонсогдож байлаа.

Гэнэт залуу бух, зэрэгцэн бэлчих хоёр үнээний нэгтэй нь нийлэхээр дээр нь харайх нь тэр. Зорчигчид жаалхүүг “Юу гэх бол?” гэхээс яс нь хавталзаж байгаа нь илт.

Жаалхүү тэднийг удаан хүлээлгэсэнгүй... “Аав аа, энэ хоёрыг хараач! Яаж байгаа юм бол?” гэх шингэн дуу автобусаар нэг хадахад хүмүүс нам гүм болж, ялаа хүртэл жунгинан нисэхээ болив. Хүүгийн аав хэсэг зогтуссанаа “Киров хүртэл хэр хол байна вэ? гээд харж байна” гэв. Энэ үгийг сонсоод зорчигчид нэгэн дуугаар нэрхийтэл инээлдэв... Тэдний инээх нь хаа байсан Кировт сонсогдсон байх шүү!

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-04-13

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.