АНУ, Франц, Их Британи хамтран Сирид цохилт өгч эхэллээ

Twitter Print
2018 оны 04-р сар 14-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

АНУ, Франц болон Их Британи хамтран Сирийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Доналд Трамп баасан гарагт Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрын хүчнийхний эсрэг АНУ, Франц болон Их Британи нэгдэн “хамтарсан цэргийн ажиллагаа” явуулж эхэллээ. Сирийн Засгийн газрын химийн давшилт үйлдэж байгааг зогсоох нь энэ цэргийн ажиллагааны гол зорилго” гэжээ.

АНУ тэргүүтэй улс орнууд болон олон улсын байгууллагуудын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдсэний улмаас 40 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байгаа юм.

Сирийн засгийн газрын хүчнийхнийг дэмжиж, өөгшүүлж байна гэж ОХУ болон Ираныг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мөн шүүмжилсэн байна.

Сирийн нийслэл Дамаск хотод бөмбөгдөлтийн чимээ зургаан удаа сонсогдож, их өтгөн хар утаа суунаглаж байгаа харагдлаа гэж “Ройтерс” агентлагийн Сири дэх сурвалжлагч өнөө өглөө мэдээлэв.

Мөн Сирийн агаарын цэргийн хүчнийхэн АНУ, Франц болон Их Британийн давшилтыг зогсоохоор тэмцэж байна гэж Сирийн төв телевиз мэдээлсэн байна.

Өөр нэгэн гэрч ярихдаа “Сирийн нийслэл Дамаск хотын Барза дүүрэг өнөө өглөө хэд хэдэн удаа агаарын цохилтод өртсөн” гэжээ. Тус дүүрэгт Сирийн эрдэм шинжилгээний томоохон төв байдаг аж.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдэн 40 орчим хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг химийн хорт бодист хордуулсан гэх хэргийн хариуд АНУ, Франц болон Их Британи Сирийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа дээрх мэдээллүүд гарлаа.

Х.Доржханд

Эх сурвалж: montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.