Гашуунсухайт боомтыг Олон улсын боомт болгохын тулд 23 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Twitter Print
2018 оны 04-р сар 13-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа сүүлийн өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хот болон Өмнөговь аймгийг холбосон Ганцмод-Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний түүхий эдийн экспортын гол гарц болж буй энэхүү боомтод өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн нэвтрэх гарцыг 50 хувиар хязгаарласнаар шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудал үүсээд байсан юм.

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Өмнөговь аймгийн уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт нь Ганцмод-Гашуунсухайт юм. Уг боомтоор өнгөрөгч 2017 оны энэ үед өдөрт 1500 орчим тээврийн автомашин нүүрс зөөвөрлөн БНХАУ- руу гарч байв. Гэвч өнгөрөгч оны 7 дугаар сараас урд хөрш боомтын нэвтрэх гарцыг хязгаарласнаар өдөрт гарч байсан тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин багасч, дунджаар 500-700 болж өнөөдөртэй золгосон.

Харин ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмодны боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр тус боомтын удирдлагууд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-тай шууд худалдан авалтын гэрээ байгуулан, жилд 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой талаар Ерөнхий сайдад илэрхийлсэн юм. Баяннуур хотод нүүрс боловсруулах 26 үйлдвэр ажилладаг бөгөөд өнгөрөгч онд Монголоос нийт 7 тонн нүүрс авч боловсруулсан аж. Уурхайн амнаас 60-70 ам.доллараар худалдаалдаг нүүрс дамжин ачилт, тээвэрлэлт зэргийн дүнд 120 орчим ам.доллар болж тус боловсруулах үйлдвэрт очдог талаар Ганцмод боомтын удирдлагууд хэлж байв. Тиймээс хэрэв шууд худалдан авалтын гэрээ хийвэл Монголын талаас 10 сая тонн нүүрсийг уурхайн аман дээрээс шууд нийлүүлэх боломжтой болох юм .

Гашуунсухайт боомтыг хөгжүүлж, энэ орчмын нутаг дэвсгэрт олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Цагаан хаданд жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээ бүхий авто зогсоол бий болгох, шөнийн тээврийг бүрмөсөн хориглох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж хөгжлийг нь дэмжихэд зарцуулдаг байх зэрэг санал гарч байв.

Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ.

Гашуунсухайт боомтыг сайжруулж ОУ-ын боомт болгохын тулд 23 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Энэ бүхний үр дүнд тулгамдаж байгаа олон асуудлууд шийдэгдэнэ.

1. Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралт эрс нэмэгдэнэ

2. Үүссэн саад бэрхшээлийг арилгахад 2 тал хамтран ажиллана.

3. Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулна.

4. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кв цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийднэ.

Эрдэнэс Таван Толгой ХХК гадаад дотоод бүх өрөө дарж дууссан. Одоо төмөр замд хөрөнгө оруулахад бэлэн болсон байна. Түүнчлэн авто замд хөрөнгө оруулж хосолмол тээврийн урсгалтай болох ёстой юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.