Компьютертай байсан бол талбайн цэвэрлэгч л болох байлаа...

Twitter Print
2018 оны 04-р сар 14-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Нэг залуу Microsoft компани дээр "Талбайн цэвэрлэгч ажилд авна" гэх зарын дагуу ажилд орохоор ирж гэнэ. Компаний хүний нөөцийн ажилтнууд түүнээс ярилцлага авч, хэд хэдэн тест бөглүүлж үзээд:

- Баяр хүргэе, та тэнцлээ. Ажлын хуваарийг чинь цахим шуудангаар чинь явуулах болно. Тиймээс та хаягаа үлдээгээд яваарай гэв. 

- Юу л даа... надад цахим шуудан байтугай компьютер ч байхгүй 

- Тэгвэл бид таныг ажилд авч чадахгүй нь... Учир нь бид шуурхай ажиллагааг хангах үүднээс бүх ажилтнуудтайгаа цахим шуудангаар л харьцдаг юм. Та биднийг зөвөөр ойлгоорой.

Нэгэнт байдал ийм хойно одоо яая гэхэв... Залуу буцаад явлаа. “Компьютер авах мөнгө яаж ольё доо байз” гэх бодол толгойд нь эргэлдэх болов.

Хэд хоног бодсоны эцэст тэрээр байгаа бүх мөнгөндөө (30 долиуртай л байсан юмсанж) тааруулж 10кг алим худалдан аваад хөл хөдөлгөөн ихтэй гудманд гарч “амт сайтай, эко жимс” борлуулж эхлэв гэнэ. Эхлэлтийн капиталаа зургаахан цагийн дотор 10 дахин өсгөж чадсанаа хараад тэрээр “Энэ мэтээр ашигтай ажиллаад байвал ажил олгогчтой олгогчгүй амьдарч болох нь” гэдгээ ойлгож гэнэ.

Хэсэг хугацааны дараа манай залуу автомашинтай ч болж, хүнсний дэлгүүр ч нээж, 5 жилийн дотор сүлжээ супермаркетын эзэн болов. Тэгээд нэг өдөр тэрээр бизнесээ даатгуулахаар нэгэн даатгалын компани дээр хүрэлцэн ирэв. Даатгалын ажилтан мэдээллийг нь бүртгэн маягт бөглөж байснаа “Таны цахим шуудангийн хаяг юу билээ?” хэмээн асуухад манай залуу олон жилийн өмнөх шигээ “Надад цахим шуудан, компьютер аль аль нь байхгүй” гэх нь тэр. Энэ үгийг сонсоод даатгалын ажилтан:

- Үгүй байлгүй дээ! Ийм том бизнесийн эзэн хүн хувьдаа компьютергүй байна гэж бас байдаг аа! хэмээн дуу алдаад: 

- Та компьютертэй байсан бол яах байсан бол оо? гэхэд манай залуу хариуд нь:

- Microsoft компанид талбайн цэвэрлэгч байх байлаа гэв.

Ёгт үлгэрийн гол санаа: Хүнд байхгүй юм цөөнгүй байдаг ч зайлшгүй шаардлагатай нь цөөхөн.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-03-27

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.