Швед цэвэрлэгээ буюу эцсийн удаа мэт цэвэрлэх

Twitter Print
2018 оны 06-р сар 15-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Та өөрийгөө маргааш байхгүй болно гээд төсөөлөөд үз... Та ардаа юу үлдээх бол?

Скандинавчууд та бидэнд Ганс Христиан Андерсений үлгэрүүд, Астрид Линдгрены ном зохиолоос авахуулаад “хюгге, лаггом” гэх амьдралын хэв маяг гээд олон олон сайхан зүйлсийг бэлэг болгон барьсан билээ. Тэдний барьсан дараагийн бэлэг бол Döstädning буюу швед хэлнээс орчуулбал “үхэхийн өмнөх цэвэрлэгээ” юм. Ингэж хэлэх нь хэн бүхэнд тун таагүй санагдах нь лавтай тул “эцсийн удаа мэт цэвэрлэх арга” гэе...

Цэвэрлэгээг эцсийн удаа мэт хийх санааг шведийн зураач Маргарет Магнуссен гэгч эмэгтэй анх дэвшүүлсэн юм. Тэрээр “Шведуудын үхэхийнхээ өмнө цэвэрлэгээ хийх арга: амьдралын туршид хуримтлуулсан эд юмсаас өөрийгөө болон гэрийнхнийгээ хэрхэн чөлөөлөх вэ?” номоороо дамжуулан уншигч олноос “Та эргэн тойрноо сайн хар. Маргааш та байхгүй боллоо гэхэд ард чинь юу үлдэж байна?” хэмээн асуусан байна. Энэ санаа хүмүүст зөвөөр хүрч, төд удалгүй шинэлэг чиг хандлага болон хувирсан байна.

ИНГЭЖ ЦЭВЭРЛЭХ НЬ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ?

Маргарет Магнуссен өөрөө 80 хол гарсан хүн. Тэрээр номоо 50-аас дээш насныханд буюу амьдралынхаа төгсгөлийн талаар бодоод эхэлчихсэн байгаа хүмүүст зориулж бичжээ. Ихэнх хүмүүс байнга л шинэ юм худалдан авч, хуучнаа хадгалж, гэрт нь хөл гишгэх зайгүй шахам болж байгааг төдийлөн тоодоггүй. Гэтэл “Намайг нүд аньчихвал энэ бүх юм яах бол?” гэх асуултыг өөрөөсөө асуух хүн бараг байдаггүй.

Мэдээж хэрэг таны үлдээх эд юмсыг гэрийнхэн чинь “өвлөн авна”. Ялгаж салгахын аргагүй их эд хогшил байвал “Энэ их юмнаас алийг нь авч үлдэх вэ?” гэх бодол тэдний сэтгэлийг хэсэгтээ л зовооно байх. Заримыг нь тэд шууд хаяж, заримы нь зарж борлуулна. Эсвэл бүр цэвэрлэгээний компани хөлсөлж, юу ч үлдээлгүй ачуулж ч магад...

Цэвэрлэгээ хийхдээ энэ бүхнийг бодолцон хийхийг л Döstädning гэнэ. Зорилго нь маш тодорхой: үлдэх хүмүүсийн ажлыг хангөвчилж өгөх, тэдэнд “цэвэр ариун” гэгээлэг дурсамж үлдээх явдал. Түүнчлэн дурсгалтай, чухал ач холбогдолтой юмнуудаа авч үлдэн орон гэрээ цэмцгэр саруулхан, цаашид цэгцлэхэд амар болгох явдал.

Цэвэрлэгээг эцсийн удаа мэт хийх нь бас ч үгүй нэгэн төрлийн бонустай. Олон жил хураасан эд юмсаа ялган суухдаа та амьдралынхаа хөгтэй, хөгжилтэй, гунигтай, баяртай хором бүрийг дахин мэдэрч, цаг хугацааны машинаар аялаад ирсэн мэт болно...

ШВЕД МАЯГААР ЦЭВЭРЛЭХ ДҮРЭМҮҮД:

1. Энэ арга 50-аас доош насныханд ч зохино 

Эцсийн удаа мэт цэвэрлэх арга аль ч насныханд тохирно. Учир нь бид хүүхэд байхын л эдэлж хэрэглэдэг эд юмсаас аль нь бидний хувьд чухал, аль нь сайхан дурсамж сэргээж, аль нь таагүй мэдрэмж төрүүлдгийг сайн мэддэг байсан шүү дээ. Тэгэхээр энэ арга амьдралаа цэгцэлж авахыг хүссэн хүн бүрт тохирно.

2. Цэвэрлэгээг бага багаар хийх

Döstädning бол цэвэрлэгээг зүгээр л нэг механикаар хийх бус, харин амьдралаа эргэн харах явдал юм. Тиймээс цэвэрлэгээг богино хугацаанд яаран сандруу хийх гэсний хэрэггүй. Харин цаг гарган, шат дараалалтай, бага багаар хийвэл зохино. Энэ аргыг амьдралынхаа хэв маягийг өөрчлөх сайхан боломж гэхэд болно.

3. Юу хийж байгаагаа гэрийнхэндээ тайлбарлах

Цэвэрлэгээг эцсийн удаа мэт хийх болсон учир шалтгаанаа гэр орныхондоо зөвөөр ойлгуулснаар та ажилдаа хариуцлагатай хандаж, дундаас нь хаяхгүй байх магадлал нэмэгдэнэ.

4. Танд хэрэггүй ч бусдад хэрэг болох эд зүйлс

Хэргээ аль хэдийнээ гаргаж, хэрэггүй болсон юм танайд цөөнгүй байгаа байх. Тэдгээр зүйлүүд таны хувьд үнэ цэнээ алдсан ч бусдын хувьд үнэтэй байж болох юм. Жишээ нь, таны уншиж дууссан (цаашид хэзээ ч ушихгүй) номнуудыг найзууд чинь аваад баярлана байх. Таны багадаа тоглож өссөн тоглоомууд асрамжийн газрын хүүхэд багачуудад инээд хөөр бэлэглэх нь лав. Тэдний баярлахыг үзээд танд ч сайхан санагдана.

5. Цэвэрлэгээг хувцасны шүүгээнээс эхлүүлэх

Магнуссены үзэж байгаагаар бол цэвэрлэгээг хувцасны шүүгээнээс эхлүүлэх нь сэтгэл санааны хувьд арай хөнгөн тусах ажээ. Учир нь бид гутал, хувцаснаас салах нь ном дэвтэр, гоёл чимэглэл эсвэл тоглоом зэргээс хагацахаас илүү амархан байдаг.

6. Энэ арга сэтгэлзүйг засах үйлчилгээтэй

Цэвэрлэгээг эцсийн удаа мэт хийх нь туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, амьдралд чухам юу чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодох боломжийг нээж өгдөг.

7. Өөртөө таларх

Нэг хэсэг юм цэвэрлэж дуусах болгондоо өөртөө талархаарай. Өөрийгөө шагнан урамшуулж ч болно. Жишээ нь, шинэ гарсан кино үзэх, гоё маникюр хийлгэх, тухлаг зоогийн газар хоолонд орох, спа салоноор үйлчлүүлэх гэх мэтээр... Ингэснээр та ажлаа урамтайгаар үргэлжлүүлнэ шүү дээ.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-04-07

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.