Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Шүүх хурлын талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноров “Хууль бус шийдвэр гарлаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал хууль ёсны дагуу байсан эсэх, цаашид сэжигтнээр цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудыг хэлэлцлээ.  Харамсалтай нь энэ шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчлөө. Энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана” гэв.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, мөн нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.

Түүний өмгөөлөгч Х.Ариунаа "С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан.  Энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй, шүүхэд гомдол гаргасан.

Шүүхээс зөвшөөрөлгүй баривчилсан үндэслэл нь буруу. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материал ЗГХЭГ-ын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн архивт байхад С.Баяр үүнийг зөөвөрлөх, устгах, үрэгдүүлэх боломжгүй юм.

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хоёр Ерөнхий сайдыг хорьж байгаа нь Монголын нэр хүнд дэлхий дахинд буурах, Оюутолгойн хувьцаа унах зэргээр Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ талыг нь харж үзэх саналыг шүүгчид тавьсан ч хүлээж авсангүй. Тайлбар шаардсан ч хариу өгсөнгүй" гэлээ.  

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.