Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Сирийн Засгийн газрын эсрэг ажиллагаанд нэгдэхэд бэлэн

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Сирийн Засгийн газрын цэргүүд өнгөрсөн амралтын өдөр сөрөг хүчний хяналтад байдаг Дума хотноо цэргийн ажиллагаа явуулж, улмаар иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн олон улс үзэж байна. Уг химийн халдлагын улмаас 40 орчим хүн амиа алдсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг ОХУ, Ираны дэмжлэгтэйгээр иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, хатуу арга хэмжээ авахаа сануулсан юм. 

Цагаан ордны тэргүүн Сирид цохилт өгөхөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд урьдчилан сануулаад байна. Түүний мэдэгдэлд сэтгэл дундуур буйгаа Кремлийн тэргүүн мэдэгдэж “Сирид цохилт өгөх бус бүтээн байгуулалтад нь дэмжлэг үзүүлэх нь зөв алхам” гэж хэлжээ.

Харин Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлын хариуд АНУ Сирид цэргийн цохилт өгөх нь тус улсын нөхцөл байдлыг сайжруулахгүй гэж АНУ-ын Конгрессын Сенатын гадаад хэргийн хорооны гишүүн Кристофер Мерфи лхагва гарагт телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.  

Түүний үзэж байгаагаар, цэргийн хүч хэрэглэх нь ерөнхийлөгч Дональд Трампын санааг бага зэрэг амрааж магадгүй хэдий ч Сирид өрнөж буй үйл явцад даацтай нөлөө үзүүлэхгүй бөгөөд эрх зүйн үүднээс ч байж боломгүй зүйл ажээ.

“АНУ-ын ерөнхийлөгч хэт хувирамтгай, болчимгүй, нэн хачирхалтай шийдвэр гаргадаг бөгөөд үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэхгүй байлаа ч гэсэн цөмийн зэвсэг хэрэглэх тушаал өгч чадах хүн” гэж Кристофер Мерфи өнгөрсөн оны 11 дүгээр сард Сенатын гадаад хэргийн хороонд болсон сонсгол дээр хэлж байсан аж.

Их Британийн парламент дэмжихгүй байсан ч Сирийн Засгийн газрын эсрэг явуулах цэргийн ажиллагаанд нэгдэхэд бэлэн байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй илэрхийлжээ. 

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол дахин давтагдахаас сэргийлэхийг Т.Мэй хүсч байна. Түүнчлэн тэрбээр "Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол шаардлагатай зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" гэж мэдэгджээ. Их Британийн эрх баригчид зохих арга хэмжээг ойрын хэдэн өдрүүдэд авч хэрэгжүүлж магадгүй хэмээн тус телевиз онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.