ЭЕШ зургаадугаар сарын 16-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэнэ

Twitter Print
2018 оны 04-р сар 23-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Боловсролын үнэлгээний төвөөс 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын хуваарийг гаргажээ. ЭЕШ ирэх зургадугаар сарын 16-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд 20-нд химийн хичээлийн шалгалтаар өндөрлөх хуваарьтай байна.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн очих юм.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудаст байршуулан нийтэд зарлах ажээ. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудсаас үзэх боломжтой юм.

eesh

 

Мөн энэ жил Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Элсэлтийн Ерөнхий шалгалтын босго оноог 480 байхаар тогтоожээ. Яамны зүгээс  босго оноог нэмж, тогтоосноор дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ. 

Хөдөлмөрийн зах зээл дээр жил болгон 35 мянга орчим оюутан мэргэжилтэн  болоод төгсч байгаа боловч тэдгээрийн 30 хувь нь л эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Улс орны хөгжилд шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүд болон дээд боловсролтой мэргэжилтнүүдийн тооны харьцаа алдагдсан.

Одоогийн байдлаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 90 гаруй  мянган залуус, их дээд сургуульд 150 гаруй мянган оюутан суралцаж байна. Хэдийгээр залуучууд массаараа дээд боловсрол эзэмшээд байгаа боловч бодит амьдрал дээр мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус бага байна. Үүний гол шалтгаан нь чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэж байгаатай холбоотой юм.

Эдгээр залуучуудыг хөдөлмөрийн зах зээл дээр илүү нийцсэн сайн мэргэжилтэн болгож бэлтгэхийн  тулд сурлага сайтай, сурах хичээл зүтгэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг л их дээд сургуулиуд авах ёстой.

Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаанаас харахад нийт төгсөгчдийн  85 хувь  нь их дээд сургуульд элсч байна. Тийм ч үүднээс их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 байсныг 480 болгож нэмсэн. Босго оноог нэмснээр  өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдана гэсэн үг. Ингэснээр мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын босго оноог 480 болгосон. Харин хөдөө орон нутгийн сургууль болон  коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн. Хөдөө орон нутагт суралцаж байгаа залуус ихэвчлэн орон нутагтаа үлдэж ажилладаг нь энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.