Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Манай Монголчууд эртнээс нааш нас тогтсон хүн буюу дундаас дээш насныхны мах мярааг "Буяны тарга" хэмээн нэрийдэх нь буй. Амьдрал дээр тийм "Буяны таргатай" хүмүүс бас ч гэж тэгтэл уруу дорой яваад байдаг нь тэр болгон харагддаггүй билээ.

Саяхан нэлээд хэд хоног Хятад улсад ажлаар явж байх зуур сонин дээрээс нэг өгүүлэл уншсан нь "Буяны тарга" гэдэг ойлголтыг хөндсөн нь бас ч бодууштай зүйл мэт санагдав.

Тэр өгүүлэл дээр бичсэнээс үзвэл дундаас дээш насныхан хэвийн жингээс 7-10 кг-аар илүү мах мяраатай байвал тэр хэрээр хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг гэнэ. Бас бидний ихэд тээршаадаг өөх нь дунд насныхны хувьд олон талын хамгаалалтын үүрэгтэй байдаг ажээ.

Харин эсрэгээр дунд болон түүнээс дээш насныхны хувьд мах мариатай тэмцэж, насандаа зохиогүй биеийн хэт ачаалал өгөх нь тамир тэнхээ муудахаас эхлээд цөөнгүй сөрөг нөлөөтэйг уг өгүүлэлд онцлосон байна лээ.

Өөх тосны хэрэглээг бараг зуун хувь хориглохыг уриалах болсон өрнөдийн нийгэмд зөнөх зэрэг сэтгэцийн олон төрлийн өвчин бусад бүс нутгаас илүү тархацтай байгаа тухай өгүүлэлд бичсэнийг үзээд шар тос, өрөм, сүүл зэрэг байгалийн тослог бүтээгдхүүнийг зохистой хэрэглэж ирсэн өвөг дээдсийнхээ "цөлх хар ухааныг" дотроо биширч л байлаа.

Би дээхнэ оруулсан нэг бичлэгтээ нүд сонсгол муудах нь дунд болон өтөл настай хүмүүсийн тархины ачааллыг бууруулж, тэр хэрээр хэвийн ажиллагааг нь хамгаалж байгаа байгалийн зохилдлогоот үзэгдэл байдаг тухай эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаар бичиж байсан. Бас шүд унах, муудах ч гэсэн дээрх утгаар авч үзвэл хоолоо тааруулж ходоодоо хамгаал хэмээх байгаль эхийн маань сануулга байж болох талтай байх нь.

Энэ удаа дундаас дээш насныханд зохих хэмжээний мах мариа суудаг нь бас л нэг байгалийн зохилдлогоо байж болох талаар гадаадын хэвлэл дээр уншсан зүйлийн санааг товч базаж хүргэв. Та бүхэн өөр өөрсдийн авах гээхийн ухаанаар хандана буй за.

Доржсүрэнгийн Болдбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.