Ч.Сайханбилэг гэм буруутай нь тогтоогдоогүй тул АН-аас хөөгөөгүй гэлээ

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ ийн гишүүн, Эрдэнэс Монгол ХХК ийн гүйцэтгэх захирал Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тэрчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Дубайн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар болж, гадаадад байгаа учир прокурорын дуудах хүсэлтийг хүргүүлсэн. Түүнийг эх орондоо ирсэн үед нь байцаалт авна гэдгийг АТГ-аас мэдээлж байсан билээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Америкаас илгээсэн захидалдаа оргон зайлах санаа байхгүй, дуудсан хугацаанд очиж мэдүүлэг өгнө амалсан ёсоор хоёр хоногийн өмнө Монголд иржээ. АТГ-аас түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-тэй холбоотой хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан шалгасан юм. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр АТГ-д мэдүүлэг өгсөн. Түүнийг орой 20 цагийн үед АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээ авч, түр саатуулсан талаар бид мэдээлсэн.

Харин энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэсэн мэдээлэл гарах болсон. Энэхүү мэдээллийг АН ташаа мэдээлэл гээд дараах тайлбарыг өглөө. 

"Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. 

Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг.

С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй. Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм. С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд өөрөө ч буруу зүйл хийгээгүй гэж үзэж байгаа бөгөөд хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна. 

Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно" гэлээ.

Г.Ганчимэг
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.