Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат таалал төгсчээ

Twitter Print
2018 оны 04-р сар 09-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат таалал төгсчээ.

Тэрээр 1941 оны намар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Сайхан Бригадын нутаг “Хадан хошуу” гэдэг газар эцэг Чанцал болон эх Хажид нарын 10 дахь хүүхэд болон мэндэлжээ. Бага насаа Эрдэнэсант сумын Сайхан бригадын нутаг Буянтуул, Баян хар, Мөөрийн гол, Цахирын цагаан нуур зэрэг эр хүний хийморь сэргэсэн уул, ус жигдэрсэн байгалийн үзэсгэлэн хосолсон нутагт морин дэл дээр өнгөрөөсөн байна.

Ж.Мөнхбат эцэг эхийн талаас бөхийн удамтай, аав нь бөх их сонирхдог яггүй сайн барилддаг хүн байснаас бөхийн барилдааныг багаасаа сонирхож барилдаж эхэлжээ.

Ардын төрийн их баяр наадамд 1963-1967 онд завсаргүй тав түрүүлж 1974 онд зургаа дахь түрүүгээ авсан. Мөн наадмын барилдаанд дөрөв үзүүрлэн нийтдээ 21 удаа шөвгөрсөн харьшгүй хүчит дархан аварга юм. Тэрээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр дэлхийд данстай барилдаж байсан билээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, 1967 онд чөлөөт бөхийн төрлөөр анхны хүрэл медаль, 1968 оны Мехикогийн олимпоос Монгол улсдаа анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн. 

Тэрээр Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо 1965 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга, АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдсан ч Шведийн бөх А.Антонсонийг 3 минут, 30 секундэд цэвэр, ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8 минут, 30 секундэд мөн цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн түүхтэй. 

Энэ хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган медаль гэдгээрээ спортын түүхэнд тод бичигдэн үлдсэн.

“Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” нэрийг аваад байсан Ж.Мөнхбат нь хурц түргэн, дайчин шаламгай барилдаантайгаас гадна ид гарч ирж байх үедээ төрийн өндөрлөгүүдтэй харьцаа таарамжгүй байлаа. “Давах би яараагүй байхад” гэдэг номондоо бичсэн нэгэн түүхийг хүргэхэд:

-Улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлээд төв асрын индэр дээр очиход сайд, дарга нар аварга цол өгдөггүй юм байна. Уг нь үндэсний бөхийн дүрмэнд нэг түрүүлбэл улсын арслан, хоёр удаа түрүүлбэл улсын аварга цол өгдөг. Гэтэл Ж.Мөнхбатад улсын аварга цол өгөлгүй өнгөрөхөд дараа жил заавал түрүүлнэ гэж хэлжээ. Ингээд дараа жилийн наадам ч болж Ж.Мөнхбат ес даван түрүүлж дарга нарын өмнө очиж “Өгдөггүй аварга цолоо одоо өг. Эсвэл би дараа жил сумын наадамд барилдаж түрүүлээд надад даага өгвөл та нар тэр даагыг минь битгий булааж аваарай” гэж хэлсэн гэдэг.

Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат та амгалан нойрсох болтугай. Ум сайн амгалан болтугай!

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.20.156) 2018-04-11 21:52
      • 0
      • 0

      Ум сайн амгалан болтугай. Жигжидийн Мөнхбат гэчихээд эцэг Чанцалын 10 дахь хүү болж төрсөн гэж бичсэн байх юм. Андуурсан юм болов уу

      Хариулах