Дунд сургуулиа төгсч буй дүү нартаа хүргэх захиа

Twitter Print
2019 оны 04-р сар 20-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Энэ жил ахлах сургуулиа төгсөж, амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийнхээ нэгийг гаргах гэж буй дүү нартаа баяр хүргэж, бяцхан захиа бичихээр шийдсэн юм.

Одоогоос 21 жилийн өмнө та нартайгаа адилхан сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавьж байсан үе саяхан мэт санагдана. Сургуулиа төгсөж мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нартаа тус дэм болох үүднээс мэргэжлээ сонгож ирээдүйгээ төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй болов уу гэж бодсон өөрийн зөвлөмж, туршлага, түүхээсээ хуваалцаж байна.

IQ+EQ=GQ:

Би ахлах сургуульд байхдаа тоондоо сайн, онц сурлагатангууд ирээдүйд мундаг болох байх гэж төсөөлдөг байв. Тэгээд 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзахад нөгөө тооны хариуг хамгийн түрүүнд гаргачихдаг нүдний шилтэй нөхдүүд бүгд дорвитой амжилт гаргасангүй, нэг компанид компьютерийн инженер хийгээд сууж байхын. Харин ангийн ард үймүүлж, охидууд руу захиа шиддэг "хүнд гарууд" томоохон компани байгуулчихсан яваа харагдана.

Сургуульд бидэнд заадаг зүйлс голдуу оюуны чадварыг (IQ) хөгжүүлэхэд чиглэдэг. Гэтэл чиний амжилт IQ гээс 50 хувь хамраарах бол үлдсэн 50 хувийг EQ буюу сэтгэлийн ухаан шийддэг болохыг судалгаагаар нотолжээ. Гэхдээ IQ байгаад EQ-г нэмсэн ч GQ (Global Intelligence) буюу гадаадад явж, "галуу шувууны мах идэх"-гүй бол 21-р зуунд амжилт гаргахад хэцүү юм. Өөрөөр хэлбэл 1-2 гадаад хэл сурч, дэлхийн боловсролыг эзэмшихгүйгээр өнөөдрийн өрсөлдөөнт нийгэмд амжилттай явах баталгаагүй болохыг хэлж байгаа л даа.

БУСДАД НӨЛӨӨЛЖ ӨӨРИЙГӨӨ УДИРД:

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаанын хөгжлийн эрин үед та нарын ажлын байрыг роботууд булаах магадлал өндөр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар ирээдүйн ажлын байранд шаардагдаж буй 10 топ чадварыг нэрлэсэн байна. Үүнд:

1. Complex problem solving (Ээдрээтэй асуудлын шийдлийг олох чадвар)
2. Critical thinking (шүүмжлэлтэй сэтгэлгээ)
3. Creativity (Бүтээмжит чадвар)
4. People management (Хүний арга эвийг олох чадвар)
5. Coordinating with others (Бусадтай хамтрах чадвар)
6. Emotional Intelligence (EQ-сэтгэлийн ухаан)
7. Judgement and decision making (Дүгнэлт хийх ба шийдвэр гаргах чадвар)
8. Service orientation (Үйлчилгээг эрхэмлэх чадвар
9. Negotiation (Хэлэлцээр хийх чадвар)
10. Cognitive Flexibility (Оюун санааны уян хатан байдал)

Эдгээр 10 чадварын 7 нь хувь хүний өөрийгөө удирдах болон багаар ажиллах, бусдад нөлөөлөх чадварууд байгаа нь ирээдүйд дипломтонгууд биш өөрийгөө болон бусдыг удирдаж чадах хүмүүс амжилттай байх нь судалгаагаар харагдаж байгаа юм.

ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАРЧИМТАЙ БАЙ:

Хэдий чадвартай, ухаантай, өндөр боловсролтой ч ёс зүй, үнэт зүйлс, чин сэтгэлгүй бол аливаа нийгэм хөгжин дэвшдэггүй. Ядуурал, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, эрүүл мэнд, хүний эрх, шударга ёс зэрэг ээдрээтэй асуудлуудын (complex problems) шийдлийг олохын төлөө зүтгэж чадсан хүмүүс амжилттай байх болно.

ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИР:

Та бүхний амжилт хэдэн төгрөгний цалинтай байгаагаар бус хэдэн хүний амьдралыг эергээр өөрчилснөөр хэмжигдэнэ. Тиймээс хамгийн эрэлттэй мэргэжлийг бус хамгийн дуртайгаа, дэлхийг өөрчилж болох мэргэжлийг сонго! Өөрөө өөрийнхөө хувь заяны эзэн байж зоригтой, зөв шийдвэр гаргах цаг ирлээ.

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛД ТЭМҮҮЛ:

Би хэдийгээр ядуу айлын хүүхэд боловч АНУ-д сурах миний мөрөөдөл байв. Америкт анх 25 доллартай бууж мөрөөдлөө биелүүлсэн ч дэлхийн сургууль болох Харвардад суралцах мөрөөдлөө 10 жилийн дараа 2016 онд биелүүлсэн юм. "Яагаад Монгол хүн, жирийн айлын хүүхэд Харвардад сурж болохгүй гэж" гэж өөрөөсөө асуусан. Хүнд мөрөөдөл, зорилго, түүндээ хүрэх тууштай байх сэтгэлийн хат байвал бүх зүйлс боломжтой байдаг. 

Тиймээс дүү нар аа, илүү том зорилгын төлөө шантралгүй зүтгээрэй! Глобал Удирдагч дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчийн хувьд 1+3 хөтөлбөрөөрөө дамжуулан 10,000 залууст мэдлэгт суурилсан салбаруудаар гадаадад тэтгэлэгтэй сургахаар төлөвлөж байна. Гагцхүү та бүхний мөрөөдөл, зорилго, хүсэл тэмүүлэл бүгдийг шийдэх болно.

МОНГОЛЫГ МЭДЛЭГ, ЭНТРЭПРЭНЭРҮҮД АВАРНА:

Анагаах, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, аль ч салбарт ч ажилласан Монголынхоо сайн сайхны төлөө зүтгэж чадвал та нар эцэг эх, багш нар, эх орныхоо өмнө үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг юм. Бидэнд Монголын Билл Гэйтс, Марк Зукебэрг, Воррэн Бафетийг төрүүлэх, Монголынхоо брэндүүдээр дэлхийд гайхуулах цаг удахгүй гэдэгт би итгэдэг. "Боловсролыг үнэтэй байна гэсэн үү? Тэгвэл чанаргүй боловсролыг оролдоод үз" гэсэн Харвардын нэгэн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг санаж яваарай!

Та бүхэндээ амжилт хүсэж эерэг өөрчлөлтийг авчраарай гэж ерөөе! Make a difference!

Монголынхоо ирээдүйг бүтээх та бүхнийг хүндэтгэсэн:

Бархүүгийн Отгонбат

Глобал Удирдагч Дээд Сургуулийн Үүсгэн Байгуулагч, Ерөнхийлөгч

Харвардын Их Сургуулийн Төгсөгч (MPA, Harvard University)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.