"Гацуурт"-ийн Л.Чинбат МҮБХ-ы тамгыг хууль бусаар хийлгэсэн гэв

Twitter Print
2018 оны 04-р сар 07-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр /2018.04.06/ Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж, МҮБХ-ны тамга, тэмдгийг Улсын бүртгэлээс хүчингүйд тооцсон тухай мэдэгдсэн. Тэрбээр "МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхийн холбооны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өгөхгүй хууль бус хурал зөвлөгөөн хийж байгаа тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 3-ны өдөр Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж МҮБХ-ны Улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийг гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр олгосон" хэмээн мэдэгдсэн. 

Ингэснээр Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамаг тэмдгийг ч мөн шинээр олгожээ. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нэг л МҮБХ байгаа бөгөөд түүний тэргүүн нь Лхагва овогтой Чинбат мөн болохыг баталгаажуулсан гэдгийг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар хэлсэн юм.

Улмаар “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг танилцуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгаж Р.Нямдорж, Д.Данзан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, Р.Нямдоржийн менежэр С.Гантөр, Н.Ганбаатар нарт нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэн, хэв журмыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэж мэдээлэл өгсөн.

Харин үүнтэй холбогдуулан Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2018.04.06/ мэдэгдэл гаргажээ. Үүнд:

"МҮБХ-ны ээлжит 8-р ИХ ЭЕ 2018 оны 3-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.

Тус ИХ ЭЕ-ээс шинээр байгуулагдсан Цэцдийн зөвлөл 2013 оны 4-р сарын 04-ний өдөр хуралдаж МҮБХ-ны Тэргүүлэгчдийг шинээр сонгон, Дэд тэргүүнээр Улсын заан Ц.Магалжавыг сонгосон ба улсын заан Б.Сайнбаяр МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар томилогдон үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Гэтэл МҮБХ-ны дүрэм болон "Ээлжит ба ээлжит бус ИХ Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тогтоох журам”-ыг ноцтой зөрчин хийсэн ээлжит бус Их Эе гэх цуглаанаас өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн өргөмжилсөн Л.Чинбат Цэцдийн зөвлөлийн дарга хэмээгдэх Ү.Хүрэлбаатар нар МҮБХ-ны тамга тэмдэг гэх зүйлийг хууль бусаар нөлөөлж, хийлгэн авсан байх тул тэдний явуулах хууль бус ажиллагаанаас болгоомжлохыг нийт харилцагч байгууллага, хүмүүс бөхчүүд бөхийн хамт олонд мэдэгдэн сэрэмжлүүлж байна. Энэ хууль бус ажиллагааг зогсоолгохоор Монголын Үндэсний Бөхийн Холбоо шүүхэд хандаад байна" гэсэн байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.