Т.Аюурсайхан: Мэдлэг, боловсрол, чадвар, хөдөлмөрч чанар байхад хүн яагаад ахуй амьдралаа дээшлүүлж болохгүй гэж...

Twitter Print
2018 оны 04-р сар 06-нд 18:41 цагт
Мэдээний зураг,

Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдээлэл олон нийтэд ил болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг шударга царайлчихаад өндөр үнэтэй олон орон сууцтай гэсэн шүүмж, мэдээллүүд цахим орчин, зарим мэдээллийн сайтуудаар гарах болсон. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр /2018.04.06/тайлбар хийжээ.  

"Т.Аюурсайхан миний талаар санаатай гүтгэлгүүд гарч байгаад тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандах болно. Гишүүн болоод тус бүр 470 саяын үнэтэй хоёр шинэ орон сууцтай болсон гэсэн утгатай гүтгэлэг.

Эцэг, эхийн буян, өөрийн хөдөлмөрч чанараараа бага залуугаасаа ахуй амьдралаа босгосон хүн. Улс төрд орохоосоо өмнө аж ахуй эрхэлдэг, үйлдвэртэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй болсон. Гурван зуслангийн байшин өөрийн гараар барьсан. УИХ-ын гишүүн болоод 1 орон сууц авсан. Шинэ биш хуучин орон сууцанд засвар хийж орсон. Хийж байгаа ажлуудаасаа болж дарамт сүрдүүлэг ихэсч, мөн орон гэрт хулгай орсны дараа харуул хамгаалалт сайтай учраас ар гэрийн аюулгүй байдлыг бодож нүүсэн. Байрны ордероо барьцаалж бусдаас зээл авсан. ХАСХОМ-д ямар орлого, ямар эх үүсвэртэй талаар дэлгэрэнгүй мэдүүлдэг. Харин гишүүн болоод хоёр орон сууц авсан гэж гүтгээд байгаагийн талаар, 2016 оны ХАСХОМ-д зуслангийн байр "бусад" гэсэн ангилалд бүртгэгдсэн бол 2017 оны мэдүүлэгт "орон сууц" хэсэгт бүртгэгддэг болсноор тойм мэдээнд орон сууцны тоо нэмэгдсэн мэт харагдсан байна. Түүнийх нь учрыг олоогүйгээр шууд гүтгэжээ.

Өмнө нь орох оронгүй, хадмындаа толгой хоргоддог байсан гэж бас гүтгэсэн байна лээ. Дотоодын 2, гадаадын 3 их сургуульд сурчихаад, эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалчихаад орох оронгүй тийм арчаагүй, залхуу байвал толгой хоргодох хадам хүртэл олдохгүй байлгүй дээ.

Миний хувьд бизнесийн үйл ажиллагаа өмнө нь явуулж байсан, цаашид ч хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд явуулна. Миний хувьд нас тийм ч залуу биш, 43-тай. Мэдлэг, боловсрол, чадвар, хөдөлмөрч чанар байхад хүн яагаад ахуй амьдралаа дээшлүүлж болохгүй гэж? Тэгээд ч улс төрд хэнээс ч хамааралгүйгээр сонгогчдынхоо талд далайцтай үйл ажиллагаа явуулахын тулд, төрийн бус байгууллагууд удирдахын тулд хуулиар зөвшөөрөгдсөн орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Долоон булчирхайгаа тоочих албагүй ч гэсэн надад сайн санасан, дэмждэг хүмүүс маань зөвлөсөн учраас бичлээ" гэсэн байна. 

Жич: Тэрбээр Үл хөдлөх хөрөнгө: Орон сууц-1 /430 сая/, Автомашин: Toyota prius XW30-1, Mercedes Benz ML350-1 /113 сая/, Хадгаламж: 40 181 170 төгрөг, Эзэмшдэг компани: Байхгүй хэмээн 2017 оны ХОМ-доо мэдүүлжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.