“Гавьяа”-гаараа гайтсан Г.Жамъян гуай

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн сарын өмнө дөө, орой гэртээ зурагт үзэж суутал Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамьян гуай зээ хүү О.Балдандоржийнхоо гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа хүүхдийн дууны “Бөөдий” наадмын тухай мэдээ явж байв. Өөрөө шүлгийг нь бичиж, хөгжмийг нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа хийсэн “Бөөдий” дууны нэр нь Г.Жамъян гуай хайртай зээ хүүгээ өхөөрдөж багад нь өгсөн нэр гэдэг.

Ихэд хүндэлж явдаг цал буурал Г.Жамъян гуайг харангуутаа түүний өмнө их л буруутай мэт санагдаж бушуухан комьпютерийнхээ ард суугаад үүнийг тэрлэсэн  нь учиртай. Алс тэртээ 1937 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг, Цагаан хаяа хэмээх газар төрж, ээдрээт амьдралын их замаар 77 жил унаж, босон мацаж яваа Г.Жамьян гуай Цагаан сарын дараахан ажил дээр минь хэрэг болгон зорьж ирээд туулж өнгөрүүлсэн бартаат амьдралынхаа тухай өгүүлсэн “Хилэнцэт орчлон” номоо хоёр гардан барьж билээ. Томоохон романы дайтай ч гойд уншууртай тэрхүү намтарчилсан номыг нь хэнгэнэтэл санаа алдаж, нүдээ чийгтүүлэн уншиж дуусахад үүрийн цагаан гэгээ цонхны цаана тунарч байсан юм даг. Сэтгэл ихэд догдолсон би “Жамъян гуайнхаа тухай их бага нь хамаагүй, ямар ч гэсэн нэг хөрөг, тэмдэглэл бичнэ дээ” гэж тэр л үед өөртөө амласнаа мартагнаж явсан тул тийнхүү өөрийгөө буруутгасан хэрэг. Энэ эрхэм бууралтай “Монголын мэдээ” сонинд хамт ажиллаж, “Ардчилал” сонинд хааяа нэг даацтайхан материал авчирч өгөхөд нь хэвлэн нийтлүүлэх талаар тус дэм болох байдлаар арваад жил ойр дотно яваа юм.

Анх Солонгост хэдэн жил ажилласныхаа дараа 2004 онд “Монголын мэдээ” сонинд сурвалжлагчаар ороод л Г.Жамъян гуайтай танилцаж билээ. Тэр үед “Монголын мэдээ” сонин Нарантуул захын баруун талд “Эрэл” компанийн барьсан FM-107.5 радиотой байрны хамгийн дээд талын давхарт байрладаг байв. Гэр ойролцоо байсан тул өглөө гайгүй эрт ирэх болгонд Г.Жамъян гуай хэзээний л ирчихсэн, сурсан зангаараа бичгийн цаасыг дундуур нь нямбайлан нугалж хоёр хэсэг болгочихоод хачин гоё гаргацтай, гойд цэмцгэр, босоо бичгээрээ ар өвөргүй биччихсэн сууж байдагсан.

Түүний сонинд нийтлүүлэх материал ёстой л тэмээнээс тэмдэгтэй, хэн ч гэсэн нэг хараад л танихаар байдаг нь гайхалтай. Бичгийн цаасыг голоор нь нугалж, материалынхаа гарчиг доогуур хоёр урт зураас татдаг нь түүний таних тэмдэг. Ихэвчлэн өдрийн цайны өмнө буюу 11-12 цагийн үед ярилцлага, тэмдэглэл, сурвалжлага, нийтлэл гээд сонины бүх л төрлөөр бичсэн материалаа дуусгаж операторуудад хамгийн түрүүнд хүлээлгэж өгчихөөд яваад өгнө. Учир нь түүний бичсэн материалд үг үсгийн алдаа, утга найруулгын засвар хийх зүйл өчүүхэн ч гардаггүй тул сонины эрхлэгч Д.Сандагсүрэн, орлогч Д.Баярмаа нараас эхлээд операторууд ямар ч хэл үг гаргалгүй нийтэлдэг байв. Бараг л адал явдалт кино шиг адармаатай амьдрал туулсан энэ хүн 1978  оны 3 дугаар сарын 8-ны шөнө гурван согтуу орос офицерийн жолоодсон байлдааны машин Х.Чойбалсангийн хөшөөний дэргэд шөнийн ээлжийн автобус мөргөөд зугтахад 19-хөн настай Г.Содномцэрэн гэж залуу шатаж байгаа автобуснаас 20 хүний амь авраад өөрөө эрсэдсэн тухай “Гавьяа” найруулал бичсэнээсээ болж улстөрийн хэлмэгдэлтэд өртөж, 10 жил  6 сар хүнд хүчир ажилд нухлагдсан түүхтэй. Хамгийн анх 1959 онд МУИС-ийн 3 дугаар курсын оюутан байхдаа “Халхын талд” хэмээх 20 мянган мөр шүлэглэсэн романдаа

“Номхон цагаан хоньдыг минь

Нохой сүүлтэй болгочихов

Номын үсгээ мартаж

Бусдын тэнгэрт залбирав” гэж бичсэнээсээ болж тэр үеийн зохиолчдын хорооны дарга Д.Сэнгээд “Бас нэг эсэргүү гараад ирж” хэмээн цоллогдсон нь 77 насыг наслахдаа одоогийн МАН-аас гурвантаа хөөгдөж, “Засаршгүй тэрс үзэлтэн” гэгдэхийн эхлэл болсон гэдэг.   

Биерхүү сүрлэг ч хүүхэд шиг гэгээн тунгалаг мишээлтэй, ядмагхан 10 хүний туулж барахгүй амьдралыг эр ганц бие, хатан зоригоороо эрвэлзэнхэн туулаад гарсан энэ эрхэм хүний амьдрал гайхаж биширмээр, бэлээхэн амьд домог шиг л санагддаг юм.     

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди түүнд Соёлын гавъяат зүтгэлтэн цол гардуулахдаа “Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдагийг та бие сэтгэлээрээ харуулсан хүн. Шударга үнэний төлөө улам сайн бичээрэй” гэж хэлээд эрхэм шагналыг нь энгэрт нь зүүж өгсөн гэдэг. Соёлын гавъяат зүтгэлтэн болсных нь дараахан 2005 оны намар Жигжидийн зусланд байх гэрт нь очиж эхнэр З.Ичинноров гуай болон хоёр охин, ганц хүүтэй нь танилцаж Жигжидийн уулан дээр гарч туулж өнгөрүүлсэн амьдрал, тэмцлийнх нь талаар сайхан дурсамж сонсож байлаа. Залуудаа хаана л нийтийн бүжиг болно тэнд очиж суналзтал вальс эргэдэг байсныг нь илтгэх цэх  шулуухан нуруу нь аргагүй л хорвоогийн жамаар үл ялиг бөхийсөн ч үзэг цааснаасаа нэг өдөр ч хөндийрөөгүй л яваа.

Өнөөдөр монголын сэтгүүлзүйд ихээхэн дутагдаж байгаа Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд түүн шиг даацтай, баримт нотолгоо сайтай уншууртай материал бичиж нийтлүүлсэн сэтгүүлч хуруу дарам цөөхөн. Тав зургаан жилийн өмнө “Өвдөг өвдөөд” гэсээр үл ялиг доголж явдаг байсан бол өнөөдөр тэр зовиур нь бараг л арилсан бололтой. Өнгөрсөн намар нэгэнтээ “Ээ дээ тэмээний чөмөгний тос үе мөчний өвчинд үнэхээр сайн юм. Би зав л гарвал хүнсний захуудаар явж тэмээний чөмөг цуглуулж тосыг нь шаргааж түрхсээр байгаад өвдөг өвдөх нь бүр гайгүй шүү” гэсэн билээ.

Өнөөдөр ч “Өдрийн сонин”-д эрэн сурвалжлах чиглэлийн уншууртай даацтай материал нийтлүүлсээр л яваа Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамьян гуайн хийж амжуулахаар махран хөөцөлдөж яваа гол ажил нь хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр 19-хөн насандаа хорвоог орхисон хайртай зээ хүү О.Балдандоржийнхоо нэрэмжит сан байгуулж, хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчинд шаналж яваа нэг ч гэсэн хүнд тус болж буян үйлдэх нь түүний үлдсэн амьдралынх нь утга учир гэсэн. Хорвоогийн амьдралын эрээн барааныг хангалттай туулсан энэ буурал “Үхэхээс бусдыг үзлээ. Болж бүтэхгүй бүхэнтэй үзэг, цаасаараа тэмцсээр яваад л дуусна. Цементэн дээр биш, цаасан дээр жижигхэн хөшөө үлдээгээд явна даа” гэсээр бичиж, туурвиж, тэмцсээр л явна. Тэр аргагүй л “Хилэнцэт орчлон"-г сөрж амьдарсан эр зоригийн “Гавьяа”-тан билээ.

Д.Энхтүвшин   

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.