Эрдэнэтийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг баривчлан саатууллаа

Twitter Print
2018 оны 04-р сар 03-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

АТГ өчигдөр орой 23:00 цагийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг гэрээс нь саатуулсан байна. Тэрээр Жастын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авах үед тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаа болгон тавихад оролцсон үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж буй юм.

““Эрдэнэт" үйлдвэр гэрээн дээр гарын үсэг зурахгүй байсан бол “Эрдэнэт" үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалын гэрээ ачигдахгүй болно. Манайх мэдээж баяжмалаа гаргахыг эрмэлзэнэ. “Жаст” ХХК-д баталгаа гаргаж өгөхгүй, бас “Эрдэнэт” үйлдвэр тэдний өмнөөс үүрэг хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай гэрээн дээр гарын үсэг зураад явуулсан нь үнэн. Ингэхдээ нэг хувийг нь бид авч үлдсэн.

Тэгээд өгсөн хувиуд дээр "Стандарт" банкаараа зуруулаад ир гээд явуулсан. Тэгсэн Ш.Батхүү буцаж ирээгүй. 2009 онд болсон энэ гэрээний төслөөс хойш 2013 он хүртэл эргэж энэ талаар нэг ч яригдаагүй, бид ч гэрээ хийгдээгүй гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Ш.Батхүү гэгч нөхөр гарын үсэгтэй хамгийн арын хуудсыг салгаж аваад одоогийн яригдаад байгаа баталгаа гаргана гэсэн утга бүхий заалттай 40 хуудастай гэрээн дээр ашиглачихсан байсан нь хожим ил болсон” гэж Б.Мөнхжаргал саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбар хийсэн байдаг.

Б.Мөнхжаргал нь 2006 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт хуульчаар ажилласан бөгөөд Хуульзүйн яаманд олон жил алба хашсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.