Солонгосын ГУРВАН САРЫНХАН

Twitter Print
2018 оны 07-р сар 01-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Солонгос орны тухай, хүмүүсийн тухай, хөгжил соёл нийгэм харилцааг нь энд нуршилгүй шууд л гол сэдэв рүүгээ хандахаар шийдлээ. Учир нь та бид БНСУ-ын тухайд кино ший, үгүй ядахнаа л хамаатан саднаас хэн нэгэн нь энэ улс руу явж аялсан, ажилласан, харалсан байдаг тул тэднээсээ бишгүй л ихийг сонсоо байлгүй.

Сүүлийн үед "ГУРВАН САРЫНХАН" гэдэг нэр томъёо Солонгос дахь монголчуудын дунд бий болоод буй. Нэг нэгэнтэйгээ утсаар ярьсан яриаг нь сийрүүлбэл,

-За хө, сонин юутай байна даа? Манайд ГУРВАН САРын хоёр хүн ирээд ажил олдохгүй хэцүү байна аа. Танай хавиар олдох ажил байна уу?

-Өө тийм үү, манайд ч бас хамаатаны нэг залуу хоёр найзтайгаа гурвуулаа ирчихээд бас л ажил олдох олдохгүй хоёрын дунд л байна доо. Нэг иймэрхүү яриа өдөр бүр шахуу өрнөөстэй.

ГУРВАН САРЫН хүмүүсийг гурав ангилж болох юм. Үүнд:

1. Солонгосын тухай дутуу ойлголттой ЗАЛХУУГИЙН АРМИ

Энэ ангилалд багтах хүмүүс бол ихэвчлэн Солонгос орныг нэг их амархан мөнгө олчих, бараг л мөнгө зоос зам дээр зүгээр хэвтэж байдаг юм шиг бодсон хүмүүс. Ирсэн өдрөө л ажлын олдоц, ажлын цаг, амар амаргүйг асуухгүй хэрнээ шууд л цалин нь хэд вэ, өдрийн 150-200 мянга гэсэн биз дээ гээд бараг л тулгаж асууна. Их олон хүн яг ингэж асуухыг сонсож байлаа.

Энд бас нэг буруу нь эндээс ажилласан, ажиллаагүй хоёрын хооронд хоёр гурван сар болоод буцсан зарим нэг нь Монголдоо очсон хойноо нэг их ажиллаж, гийгүүлж, их мөнгө хураасан хүн шиг харагдах гээд худлаа баярхаж, за гайгүй ээ, хө өдрийн бараг л 200, 300-аар ажиллаад ирлээ ухааны юм бурдаг нь залхуу хэрнээ амархан мөнгө хүсэгчдийн армийг нааш нь хөшүүрэгдэж байгааг анхаарах хэрэгтэй байх.

За ажил олдлоо. Нэг хоёр гурван өдөр гараад л болилоо гэх. Яагаад гэхээр цалин бага гэнээ. Больж үз, яахаараа өдрийн 10- аас 12 цагийн ажил хийсэн хөлс 80-аас 120 мянган вон бага юм бэ? Энэ мөнгийг монгол төгрөгөөр үржүүлвэл 160,000-аас 240,000 төг. Өдөрт шүү дээ. Цалин бага гэж хэлж байгаа нь үнэндээ бол ажлаа хийж чадахгүйдээ залхуурахдаа л тэр юм.

Ажлаа дийлэхгүйдээ далим гаргаж хийдүүлэн тамхи энэ тэр гээд гэнэ, гэнэ алга болоод байхаар чинь ямар эзэн сайхан ааштай байх вэ дээ. Тэгээд л дараагийн өдрөөс гологдол болж байгаа юм. Манай сайхан нийслэл хүрээний аль ямар газар пүүс компанид дээрх цалинг таны нэг өдрийн хөлсөнд өгөх вэ?

Дээр дурдсанаас илүү их хөлс авдаг ажил бий бий. Гэхдээ та тийм цалин авмаар байвал солонгос хэлээр ярьдаг байх. Ажлын 12-14 цагийн ачаалал даадаг байх. Өглөө үүр цүүрээр 05:00 цагт босоод ажилдаа явдаг байх. Архи ууж ажлаа тасалдаггүй байх, ажлын цагаар тамхи татах нэрээр ажил хийдүүлдэггүй байх хэрэгтэй, хэрэгтэй биш шүү бүр шаардлагатай байх ёстойг мэдэж ав.

Энэ бүгдийг дийлэхгүй, тэвчихгүй бол Солонгос улсыг зорьж, зардал мөнгөөр шатах хэрэггүй гэж зөвлөе. Ирлээ гэхэд хоёр гурван ажил голж, голж ч гэж дээ гологдсоны чинь дараа танд цэцэг түүх буюу хэрэгтэй, хэрэггүй хог түүж Монгол руу ачуулахаас өөр ажил олдохгүй.

Нойроо дийлж, ажлын төлөө өөрийгөө ялж, олдсон ажлаа залхуурч аргацаахгүйгээр хийж, ажил олгогчынхоо сэтгэлд хүрч чадна гэж итгэж байгаа бол та Солонгос руу ирээрэй. Таван цагт босч, арваас арван хоёр цаг ажиллаж, олдсон ажлын хүнд хэцүүгээс шантрахгүй ээ, би ямар насаараа тэнд тэгж ажиллах биш гуравхан сар тэсээд гүрийж чаднаа гэвэл танд гурван сар ажиллаад хурааж чадах 8 - 12 сая төгрөгийн боломж бий. Дээрх бүгдийг чадахгүй бол та ЗАЛХУУЧУУДЫН АРМИЙГ нэмэх дэмий л болов уу. Энэ улсад залхуугаа дийлсэн хүн л мөнгөтэй явдаг юм. Залхуугаа дийлэхгүй нь Монголоос мөнгө шилжүүлж аваад автобус унаа залгаж ажил хайж байгаа нэрээр сэлгүүцэж л явдаг юм шүү. Энэ хэсгийг уншсан таныг би энэ армийн гишүүн болохгүй гэж итгэж байна.

2. ТЭТГЭВЭРИЙНХЭНИЙ АРМИ буюу хөгширсөн болохоос үхсэн биш, хүн чадаж байгааг чадах л болно

Энэ ангилалын хүмүүс ёстой үнэхээр хэцүү, хэцүү. Уг нь хөгширсөн болохоос үхсэн биш гэх мэт урамтай сайхан сэдэл нь сайхаан сайхан. Даанч Солонгос улсад ажил хөдөлмөр гээч нь сайхан сэдэл ба сайхан сэтгэл хоёроор явагдахгүй нь туйлын үнэн юм.

Таныг хүлээж авсан садан төрөл, ус нутгийн хэн нэгэн чинь байртай, хоолтой ажил олж өгөөгүй л бол та өглөө бүр 05 цагаас 08 цаг хүртэл СААМШИЛ буюу өдрийн ажил горилогчдыг ажил олгогчид зуучлаад тухайн хүний өдрийн цалингаас тодорхой хувийг авдаг оффис маягийн газарт очиж бүртгүүлнэ. 05:30-аас эхлэн ажил олгогчид ирж, ямар ажилд ямар хүн хэрэгтэйгээ хэлээд сонголтоо хийнэ. Солонгос хүнд ажил хөдөлмөр, ажлын цаг гэдэг хичнээн чухал гэдгийг та нар өөр газраас хайгаад олж уншаарай. Ажил нь чухал солонгос хүнийн хувьд хэзээ ч тавин таваас дээш насны хүн, илүүдэл жинтэй хүнийг сонгохгүй. Ёстой нөгөө "лам олдохгүй" үед л ярвагнан байж авна даа. Нэгэнт ярвагнан байж авсан ажилтнаа хөшүүн, хойрго, хэлсэн ярьсаныг нь ойлгохгүй болохоор өдөржин ярвагнаж, харааж байгаад арай хийж ажлын цаг дуусгаад хөөх маягтай явуулна. Нөгөө голж авсан хөгшин ажилтан нь будилж, мунгинаад буруу, зөрүү юм хийвээс юун цалин энэ тэр. Гүйцээ хөөгдөх нь тэр.

Энэ насны хүмүүс минь зүгээр л эх орондоо гэртээ үр хүүхэд, ач зээтэйгээ гавъяагаа эдлэн амар жимэр амьдар. Энд ирж янтгар ямаан зант солонгос хүнд элдэв дээдээр сонжуулж, заазны мал шиг царай гарган бүү горьд. Таныг үр хүүхэд тань хөөж явуулаагүй л бол бүү наашаа зүглээрэй, ах эгч нар минь.

Солонгос улс руу та нар ажил хийх гэж биш, эмчлүүлж, аялаж зугаалж, юм үзэж нүд тайлах л гэж ирвэл зохино. Мэдээж үр хүүхэд тань таныг яв, ажил хий, мөнгө цаас ол гэж явуулахгүй байх. Хэрвээ та зөрүүд, хүний үг авдаггүй бол ажил хийхээр ирээ ир. Таны л асуудал байх. Эргэн тойронд минь таны насны хүмүүс ажил хийнэ гэж ирээд өдөр бүр гологдож, аргаа барсандаа хог буюу "цэцэг түүж" ачуулаад, ачуулсан "цэцгийг" нь авсан үр хүүхэд нь яах гэж Солонгосын хог нааш нь явуулаад байдаг юм. Одоо гэртээ ирээч гэхийг ойр ойрхон сонсоод байгаа болохоор л үүнийг анхааруулж бичиж сууна.

Зөрүүдлэж наашаа ирэхийн тулд зардалын мөнгө зээлж ирээд ажилд гологдож, одоо яаж зээлсэн мөнгөө төлнөө гээд сэтгэлээр унасан ахмадуудтай таарсаар л яваа шүү. Нөхцөл байдал тэтгэвэрийнхэний хувьд үнэн ийм л байна. Учир иймээс та нар минь Эх орондоо, гэртээ жаргаж суугаарай. Солонгос улс бол таны ажил хийх газар огтоос биш шүү.

3. АЖИЛЧ ЗӨГИЙ буюу зорилгоо ухамсарлсан хүмүүс

Бурхан зүг гэж, энэ ангилалд ёстой л ажил хийж бүтээж, олж хурааж, жаргаж цэнгэх гэж төрсөн хүмүүс бий. Гуравхан сар юм чинь ёстой гай л байна. Амралтын өдөр хэрэггүй. Тэртээ тэргүй би Монголдоо өдөр бүр амрангаа ажилладаг юм.

Хар үүрээр ажилд гарлаа. Орой 18 цагаас буумагцаа шөнийн буюу эндэхийн хэлц үгээр "ягааны ажил"-д ачаа буулгах зөөхөөс эхлээд, машин угаалга, хоолны газар халуун ширэм зөөх гэх мэт юу олдоно, тэр ажлыг үл голон уухайлах мэт шүүрч хийнэ.

Ийм хүмүүсийг харах урамтай шүү. Харамсалтай нь бас энэ ангилалын хүмүүс тийм ч элбэг биш. Өмнөөс нь үгүй чи ядардаггүй юм уу, амраач ээ. Мөнгө юу юм, эрүүл мэнд чухал ч гэх шиг мань мэт хэлэхийг инээмсэглээд л өнгөрөөнө. Үнэндээ бол тэгэж хэлж байгаа над шиг хүмүүс энэ ангилалынханд атаархсандаа л нэг их санаа зовсон, сэтгэл гаргасан хүн болж харагдах гэж байгаа нь энэ.

Харин энэ хүмүүс үнэхээр харь нутагт ирсэн зорилгоо огт умартаагүй, залхуучуудын армийн хүмүүс шиг сөжү, макулитай хольж уугаагүй хүмүүс юм. Эх орон нь энэ хүмүүст ар гэр, амь амжиргаагаа дээшлүүлэх боломж өгөөгүй учраас олдсон боломжоо ханатлаа дүүрэн ашиглаж байгаа юм. Хаангүй улсыг зорьж ирж байгаа элэг нэгтнүүдийн маань цуваа ийм л хүмүүсээр элбэг байвал, та бид эх орныхоо эдийн засгийн үзүүлэлтэнд нөлөөлөхүйц хэмжээний хүмүүний урсгалаар ийш урсаж байгаа билээ. 

Энэ улсад ир. Ирээд харин бүү залхуур, бүү сөжү, макули уу. Харин сайтар ажиллаж, хураасан мөнгөөрөө эргээд Эх Орондоо хөрөнгө оруулаарай. Анхааран болгоосонд баярлалаа.

Түшээт Хан аймаг Дайчин вангийн хошуу, Шивэртийн хөндийд нутагтай С.Э.Б

Эх сурвалж: Бүүвэйхүү Бат-Эрдэнэ

2018.03.30, SEOUL

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хэрэгцээ шаардлага

      (202.179.26.155) 2018-04-04 10:16
      • 0
      • 1

      солонгос бодлогоор 3 сарынхны шүүсийг сорж байна л даа.монголчуудад ч бас юм бодогдуулдаг

      Хариулах