ОУОХ-ны Ерөнхийлөгч удирдагч Ким Жон Унд тусгайлан талархал илэрхийлэв

Twitter Print
2018 оны 03-р сар 31-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Pyongyang: Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах өчигдөр /2018.03.30/ баасан гарагт Пхеньянд хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзлаа. Тэрбээр энэ тухайгаа Хойд Солонгосын удирдагч тамирчдаа 2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпт оролцоход нь ОУОХ-той хамтарч ажиллахаа илэрхийлсэн хэмээн мэдэгдлээ. 

Томас Бах Associated Press телевизэд өгсөн ярилцлагадаа Хойд Солонгосын удирдагчтай хийсэн 30 минутын албан ёсны уулзалтын дараа хамтдаа Пхеньян хотын "5-р сарын өдөр" цэнгэлдэх хүрээлэнд хамтдаа хөл бөмбөгийн тэмцээн үзэнгээ 45 минут орчим санал бодлоо энгийн солилцож цагийг сайхан өнгөрүүлсэн гэлээ. 

Томас Бах Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа түүний энэ айлчлал бол хоёрдугаар сард болсон Пёнчаны олимпийн наадмыг энхтайвны бэлгэ тэмдэг болгож хувиргахад хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийлэх зорилготой хэмээн тодорхойлжээ. 

Харин Хойд Солонгосын удирдагч Ким Пёнчаны олимпод Хойд Солонгосын тамирчдыг оролцуулахад хүчин чармайлт гаргасныг тань зүй ёсоор үнэлж байна хэмээн хариу талархал илэрхийлээд "ОУОХ-ны тусламжтайгаар Хойд Солонгосын тамирчид БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадамд оролцсон нь Солонгосын хойгт үүсээд байсан хурцадмал байдлыг намжааж, энх тайван байдал тогтооход үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан" хэмээн уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ.  

"Энэ уулзалт асар их үр дүнтэй уулзалт боллоо. Олон Улсын Олимпийн Хороо болон Хойд Солонгосын олимпийн хороо цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тус улсад спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцлоо" хэмээн Бах мөн мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийгээд буцаж ирэхэд нь уулзсан анхны гадаадын албаны хүн нь би боллоо гээд Томас Бах уулзалтын үр дүнд сэтгэл бүрэн дүүрэн ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Sydney Morning Herald

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.