Соичиро Хонда: Логикгүй байдал, хоосон сэтгэл хөөрөл, хийрхэл асар их хохирол авчирдаг

Twitter Print
2018 оны 03-р сар 26-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Honda Motors” компанийг үндэслэгч Соичиро Хонда “Анх машин хараад би илбэдүүлсэн мэт хойноос нь гүйж билээ. Би маш их сандарч догдолсон. Чухам тэр үед л хэзээ нэгэн цагт би өөрөө машин хийх болно гэж бодсон байх” гэж дурссан байдаг. Хонда 1922 онд дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр Токиог зорьжээ. Тэнд тэрбээр авто засварын газарт дагалдангаар ажиллах болов.

Ийнхүү зургаан жил суралцсаны эцэст хураасан бүх мөнгөөрөө өөрийн төрөлх хотдоо засварын газар нээлээ. Түүний байгуулсан засварын газар нь удалгүй өргөжин тэлсээр 1940-өөд он гэхэд ид цэцэглэж томоохон хэмжээний үйлдвэр болсон байлаа. Харин дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн бөмбөгдөлтөнд Япон улс тэр дундаа Хондагийн байгуулсан үйлдвэр өртөж сүйрсэн юм. 1946 онд Хонда нэгэн шинэ нээлт хийсэн юм. Машиндаа хийх шатахуун байхгүй байсан тул тэрбээр америк цэргүүдийн орхисон хөдөлгүүрээс нэгийг нь авч унадаг дугуйндаа бэхэлжээ. Энэ хөдөлгүүрээ тэрбээр керосинээр дүүргэсэн юм.

Ер нь Соичиро Хонда энэ маягийн энгийн хэрнээ тансаг шийдвэр гаргадаг өвөрмөц сэтгэлгээтэй хүн. Дараагаар нь тэрбээр найз нөхдийнхөө хүсэлтээр дугуйнд нь хөдөлгүүр тавьж өгөв. Сүүлдээ хүмүүс захиалга их өгөх болсон тул гүйлгээ ухаантай Хонда ийм бизнес маш амжилттай байж болох юм гэж шийдэж 1948 онд “Хонда мотор” компаниа байгуулж хөдөлгүүртэй дугуй хийх болов. Хонда мопедийг анх бүтээн худалдаанд гаргасан бөгөөд уг бүтээл нь тухайн цаг нийгэмдээ тохирсон маш бага керосин хэрэглэдэг хол замд найдвартай гэх мэтчилэн олон давуу талтай байсан юм. Ингээд 1950-иад оны эхээр компани нь асар өндөр өрсөлдөөнтэй мотоциклийн зах зээлд нэвтэрлээ.

Үүнээс улбаалаад түүний бизнес дахин сэргэж улмаар дахин өөр шинэ хөнгөн мотоциклүүдийг зохион бүтээснээр японы төдийгүй дэлхийн мотоциклийн ертөнцөд цоо шинэ эхлэлийг нээсэн юм. Дараачийн таван жилийн дотор тэрбээр 250 өрсөлдөгч компаниа амжилттай дампууруулжээ. Түүний анхны мотоцикль “Dream” нь Соичиро Хондагийн багын мөрөөдлийн биелэл болсон юм.

Өвөрмөц сэтгэлгээтэй Соичиро Хонда нэгэн удаа Европын компанийн төлөөлөгчтэй гэрээ хийж байжээ. Хэтэрхий их сакэгээр дайлуулсан зочин нь согтож 00-д хиймэл шүдээ унагачихаж.

Гэтэл Соичиро Хонда огтхон ч эргэлзэлгүйгээр 00-руу гараа хийн шүдийг авч угаалгын өрөөнд ороод хэдэн хоромын дараа инээд алдан, нөгөө хиймэл шүдийг амандаа хийсэн гарч ирж гэнэ. Энэ алхам гадаадын төлөөлөгчийг дор нь илбэдэж, бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан хэлэлцээнд тэр дор нь гарын үсэг зурсан гэдэг.

Тэрээр “Олон хүн амжилтанд хүрэхийг тэмүүлдэг. Гэхдээ ямар ч амжилт бүтэлгүйтлээр эхэлдэг. Хэрвээ ялагдал, бүтэлгүйтлээ ялан дийлж чадах юм бол таны ялагдал амжилтанд хүрэх шат чинь болно. Амжилт гэдэг бол миний хувьд олон удаагийн бүтэлгүйтэл дээрээс нь түүнийг давж гарах сэтгэлийн тэнхээ гэж боддог. Амжилтын зөвхөн нэг хувь нь таны хөдөлмөр, харин үлдсэн 99 хувь нь ялагдал бүтэлгүйтлээс бүтдэг” гэж хэлсэн байдаг.

Соичиро Хонда 1952 онд анх АНУ явж үзсэний дараа нэг ийм товч нийтлэл компанийнхаа сонинд гаргаж байж.  Энэхүү нийтлэлийг өнөөгийн монголчуудад хэрэгтэй зүйл ихийг агуулсан гэж үзээд Цэцэн Дашцэрэн орчуулсныг  энд нийтэллээ. Үүнийг уншсаны дараагаар япон гэдэг үгийг монгол гээд л солиход яг л монголчуудад хамаатай үг шиг санагдлаа гэж орчуулагч дурджээ.

Логикийн ач холбогдол

Үйлдвэрлэлийн менежментийн хамгийн чухал суурь нь үйлдвэрлэж буй үнэ цэнийг (value) логикт захируулах явдал юм. Япон улс дэлхийн II дайнд АНУ-д ялагдсан. Энэ гутамшигтай ялагдал хүлээхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл бол бидний логикгүй байдал хоосон сэтгэл хөөрөл, хийрхэл байсан юм. Нэрлэвэл харанхуйгаар даган мөрдөх, хоосон сэтгэл хөөрөл ба муйхраар Шинто шашин даган мөрдөх явдлууд байсан. Япончууд бид Америкийн технологийн агуу хөгжил ба бараа материалын хол хаясан давуу байдал зэргийг дүтуу үнэлсэн байж. Бид амеркичуудын өндөр чанартай барааг агуу их хэмжээгээр үйлдвэрлэх чадварыг ч бодитойгоор үнэлж чадаагүй байж.

“Чадах бүхнийг хийнэ” гэсэн сэтгэл хөөрөл нь япончууд бидний дайны өмнөх ба дайны үеийн хамгийн ихээр чухалчилж байсан баримтлал байсан. Гэтэл энэ нь дангаараа ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл байж. Бараг “чадах бүхнийг хийнэ” гэсэн төөрөгдөл төрүүлж байсан энэ баримтлал нь тус болохоосоо илүү их хорыг бий болгож байж. Түүний оронд зүгээр юу ч хийхгүй байсан нь илүү ач холбогдолтой ч байж гэж хэлж болохоор. Үүний нотолгоог дайны сүйрэлээс харсан.

Логик бол асар чухал. Орчин үеийн үйлдвэрлэлийг феодлын хэв маягийн менежментийн дадлаар авч яваж болохгүй нь тодорхой. Газар эзэмшигч ба ядуу тариачин хоёрын хоорондох харилцааг санагдуулсан маягийн харилцаатай байж боломгүй юм. иймээс бид тогтолцоог капитализмын жамын дагуу ухаалаг логиктой болгож урьдчилан тааварлаж болохуйц болгох хэрэгтэй юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.