Чикаго хотын монголчуудын гар бөмбөгийн тэмцээн 8 дахь удаагаа амжилттай боллоо

Twitter Print
2018 оны 03-р сар 24-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Жил бүр уламжлал болгон АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд зохион байгуулагддаг Д.Энхбаатар захиралтай "Мон транс" компанийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн энэ жил 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 5 багийн 100 гаран залуус өрсөлдөн, хөгжөөн дэмжигч элэг нэгтнүүд өргөнөөр үзэж сонирхсон байна. Тэдний дунд спортын мастер болон дэд мастер гэхэд л 8, спортын зэрэгтэй 10 гаран тамирчид өрсөлдөн, авхаалж самбаагаа сорьлоо.

Эрэгтэйчүүдээс 1-р байрт "Харцага"-ууд, дэд байранд "Татар", 3 байранд "Чикаго Монтранс" баг орсон бол эмэгтэйчүүдээс "Американ фэмили иншүрэнс" баг тэргүүлж, "Смайлс" баг удаалж, Эрхэс баг 3-р байрыг эзлэсэн байна.

Чикаго хот дахь Монтранс компанийн захирал Д. Энхбаатар "Би Монтранс компаниа 2008 онд байгуулаад хоёр жилийн дараагаас буюу 2010 оноос хойш эх нутгаасаа алсад суугаа монголчуудынхаа дунд компанийнхаа нэрэмжит воллейболын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Энэ жил 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаад баяртай байна.

Чикаго хотод амьдран суугаа воллейбол сонирхогч залуучууд, тамирчид идэвхтэй оролцож жил бүр хүрээгээ тэлсээр байна. 

2017 оноос эхлэн тэмцээн оролцогчдийн хураамжаас зохих шалгуурын дагуу амьдралын боломж муу нэг айлд иж бүрэн гэр авч өгдөг уламжлал тогтоод хоёр дахь жилээ болж байна. Өнгөрсөн жилийн Монтранс компанийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний орлогоор Булган аймгийн Рашаант сумын иргэн, 4 хүүхэдтэй, 33 настай өрх толгойлсон эмэгтэй Д.У-д иж бүрэн 5 ханатай гэр бэлэглэж байсан бол энэ жил энэ уламжлалаа үргэлжлүүлэн дахин нэг айлд иж бүрэн монгол гэр бэлэглэх болно" гэлээ. 

Энэ удаагийн тэмцээний шилдэг холбогчоор "Харцага"'багийн Батмөнх, "Американ фэмили"'багийн Үжин, шилдэг довтлогчоор "Харцага"'багийн Мөнхтүвшин, "Ирхэс"'багийн Дорзогмаа, шилдгийн шилдгээр мөн л "Харцага" багийн Гансүх, "Американ фэмили" багийн Амина нар тус тус шалгарсан байна.

Б.Наранцэцэг, Чикаго хот, АНУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.