Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын барилдах эрхийг 2 жилээр хаслаа

Twitter Print
2018 оны 03-р сар 21-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан.

"Допинггүй монгол бөх" төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таван бөхөөс сэргээш илэрсэн нь тодорхой болсон. Харин хориотой бэлдмэл хэрэглэсэн бөхчүүд  “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлт илэрхийлвэл хоёр дахь шинжилгээний хариу гартал бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй гэдгийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдэгдээд байсан.

Тэгвэл БНСУ-ын допингийн хяналтын лабораториос ирүүлсэн дүгнэлтэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн бодис жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа аж. Харин улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын дөрвөн бөх “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарт “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.