АТГ-аас С.Баярцогтын битүүмжилсэн хөрөнгийн талаар мэдээллээ

Twitter Print
2018 оны 03-р сар 20-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газраас С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдээллээ. 

Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Энэ ажлын хүрээнд С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн хөрөнгийг битүүмжлээд байгаа юм байна. С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилснийг АТГ-аас мэдээллээ. 

УИХ-ын дэд дарга, гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын тухайд 2008 оны тавдугаар сарын 29-нд Британийн Виржиний арлууд улсад “Legend plus capital limited” гэх нэртэй компани байгуулсныг АТГ зарласан. Ингэхдээ БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгод бүртгэлтэй “Portcullis TrustNet” компаниар дамжуулан “Credit Suisse” банкны CH7904835144829962000 дугаартай дансанд 2008 оны наймдугаар сарын 30-ны өдөр 1.4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний евро байршуулж нээсэн нь ил болсон юм.

Монголд үйл ажиллагаа явуулдаг “Нидо”, “Товхон”, “Миний Монгол энтертаймент” компаниуд С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд түүнээсээ хувь эзэмшиж, захирлаар нь ажиллаж байсныг АТГ шалгалтын явцад илрүүлжээ. АТГ С.Баярцогтын байгуулсан “Legend Plus Capital Limited” компанийн Швейцарь дахь “Credit Suisse” банкин дахь дансанд байршуулсан мөнгөтэй холбоотойгоор Швейцарийн Ерөнхий прокурорын газарт хандаж, тус улсын банкин дахь дансны мэдээллийг авах хүсэлт гаргасан ба С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Швейцарийн дээд шүүхээс Монгол улсын Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтод уурхайн төсөл авч өгөхийн тулд хахууль авсан байж магадгүй хэмээн үзэж, мөрдөн шалгахаар болсон талаар өчигдөр Рейтерс агентлагаас мэдээлсэн. 

Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Батхуяг нар хэвлэлийн хурал зарлан С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хассан талаар мэдээлсэн юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.