Эрүүл хүнс гэж ер нь юу юм бэ?

Twitter Print
2022 оны 04-р сар 08-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

1990-ээд оны эхэн үед дээ, “Монголын төмс маш их амттай” гэж хэлж буй япон хүнийг хараад дургүй хүрч байснаа нуух юун, яагаад гэвэл Японд бүх юм амттай сайхан байхад юу гэж Монголынх сайхан гэж биднийгээ “хошгируулаад" байгаа юм бол гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ тэр үед бид харьцангуй эрүүл хүнс хэрэглэж байснаа одоо л ойлгож байна. Тэр япон хүн үнэн үг хэлж байжээ.

Манайх гэр хороололд байсан. Бага байхдаа би аавыгаа дагаад хадланд явдаг байлаа, тулгын гурван чулуун дээр тогоогоо тавиад л, аргал модоор гал өрдөөд л, чанасан хар цай их л амттай байсан санагдаад байгаа юм даа. За тэгээд л, тэр халуун цайндаа жаахан царцсан чанасан мах хөшиглөж хийгээд идэхэд тун сайхан байсан. Япончуудыг дагалдан, орчуулагчаар ажиллаж байхдаа Дорнотын их талаар давхиулж давхиулж Буйр нуурын эрэг дээр ирээд, амрангаа, гурилтай хоол хийгээд өгсөн чинь япончуудын амтархан идэж байгаа гэдэг нь. Тэгээд л япончууд асууж байсан "Улаанбаатарт ийм хоол байдаггүй юм уу" гэж. Гэтэл Улаанбаатарт бид гурилтай хоолоо тааруухан хоол гэж үзээд, гуляш бифштекс өгөөд л байсан. Одоо ч гурилтай хоол, будаатай шөл л хамгийн эрүүл хоол болж таарч байх шив дээ.

Одоо бид нар ер нь юу л идээд байна даа?

Япон улс АНУ-гаас үхрийн мах импортолдог. Арваад жилийн өмнө байна уу даа, нэг хэсэг Америкт үхэр галзууруулдаг ч билүү дээ, өвчин гарч, япончууд Америкийн үхрийн махнаас татгалзаж байж билээ. Америкчүүд “зүгээр” гэж хэлээд л, үхрийн махаа зарах гээд байсан. Харин Японы засгийн газар “манай ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байна, бид ард түмнээсээ асуудаг, танай махыг авахгүй” гээд, АНУ-ын засгийн газарт татгалзсан хариу өгсөөр байгаад үхрийн махыг эрүүлжүүлж байж импортолж эхэлж билээ. Өөрөөр хэлбэл, "эрүүл хүнсний төлөө эрүүл ухаанаар, тууштай тэмцэх ёстой" юм байна лээ. Америкийн хямд махнаас татгалзаж байх үед япончуудад их л хэцүү байх шиг байсан. Тэгэхдээ тэд даваад л гарсан даа.

Өөрсдөө юм бүтээдэггүй хүмүүс хэцүүддэгийг Монголчууд одоо бид яс махандаа тултал мэдэрч байна. Нэг хэсэг Буянгийн Жагаа “үйлдвэрлэгчдээ дэмж” гээд л бухимдаад байдаг байж билээ. Түүний зөв байсан гэж бодогдоно. Янз бүрийн бодлогоор, жишээ нь үнийн бодлогоор ч юм уу (Японд тариачдаасаа цагаан будааг нь худалдаж авдаг бодлого байдаг) Монголын мах, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжвэл зөв юм шиг санагдаад байна. Та юу гэж бодно вэ?

Үүнийг би 6 жилийн өмнө бичиж байсан. Одоо Японд тутарга цагаан будааны ургац хураалт эхлэж байна. Боловсорч гүйцсэн тутаргын түрүү бөхийж, ургацын далай шаргалтаж ногоорно. Япончууд боловсорч гүйцэн бөхийсөн тутаргын түрүүг ухаан мэдлэгээр "боловсорч" туршлагажсан эрдэмтэй даруухан хүнтэй зүйрлэдэг.

Монголд эрүүл хүнсний төлөө ухаан мэдлэгээ зориулж буй олон хүн байна. Тэднийхээ ажил үйлсийг дэмжин, нийтээрээ зүтгэхэд болохгүй бүтэхгүй юм үгүй мэт санагдана...

Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.