До.Цэнджав - Хэрхэн цэрэгт татагдсан минь... /Дурсамж/

Twitter Print
2018 оны 03-р сар 17-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Маргааш цэргийн баяр. Эргээд юм юмыг дурсмаар ч юм шиг... 1972 оны тавдугаар сарын сүүлч шороон хуй барагшин зам тавиагүй улаан газраас гэнэт хуйлран дэгдэж, өндөр өндөр байшингийн оройг ч далайн давалгаа мэт даван харанхуйлж тоос түйрэн үймрэн бужигнаж, цаас шувуу мэт нисэлдэнэ. Ийм улаан шорооны үе мултарч зуны эхэн сарын ногооны униар суунаглаж, Богд хан уулын арын ой модод хөхөртөн будан сууж, "Эмнэг сургагч" нэртэй усан оргилуур бүхий зэс хөшөөтэй нийслэлийн төв цэцэрлэгт модод гөлөглөж, оюутан залуус хэсэг хэсгээрээ ном уншиж, зарим нь дотноор тэврэлдэх сонин гойд зураг энд харагддагсан. Шалгалтаа өгчихөөд ердөө арваадхан хоногийн дараа гэртээ харина. Ээж дээрээ очих шиг жаргал үгүй. Ээж "Хүү минь ингээд хүрээд ирэх гэж... Яасан сайхан юм бэ? Алив үнсье" гээд инээд алдсаар ямар гайхалтай угтана гэж бодноо. Ээж минь дандаа инээж байдагсан. "Золигийн муухай эд шүү, юу ч болоогүй байхад л инээдэг юм. Улс амьтан ч юу гэх юм билээ" гэдэгсэн. Тогоо дүүрэн цай даргилан буцалж байгаа нь ижийн минь халгисан сэтгэл шиг санагддагсан. Зуухныхаа амсарт, хөөрхийдөө солбио болчихсон хайчаараа хөх хомоол хавчиж, галаа сайхан сэргээж зэрэглэдэгсэн. Ээж минь захисан даа гээд хар захаас сайн гэгчийн төсөр хайч авчихсан байлаа. Сүрхий бэлэг гэж болно. Байрны оюутнууд харчихвал "Очиж очиж энэ муу хайчийг хараач, эмгэн сэтгэлгээтэй шүү" гэж намайг шоолно гэж бодоод, гудасныхаа хажуу доогуур нуучихсан байсан юм.

Арслантай гүүр, Сэлбэ голын оюутны хотхон, гудамжинд хаврын сунжралдсан урт өдрүүд арай гэж өнгөрөн, хүмүүсийн алхаа тайвширч, охид хүүхнүүд сугадалцан тас тас инээлдэн явцгаах нь "аальгүй хавар" айлчлан хайрын цагаан цахлайнууд эргэн тойрон эргэлдэх шиг санагддагсан. Сэлбэ гол одооныхоос хавьгүй харгиатай, ус арваин, говийн надад бол томхон гол шиг санагддаг байлаа. Тэр үеийн оюутнууд шиг ганган улс байхгүй ээ. Ходоод хоржигнуур боловч гаднаа бол жигтэйхэн дэгжин гоё явцгаана. Оросын сайн чанарын даавуу худалдаж аваад хөвгүүд өөрсдийнхөө гараар ганган хувцас хийнэ. "Мода" сэтгүүлийн уранхай хуудаснаас ч болов загвар авна. Үгүй бол "Сансар", юмуу "Урт цагаанд" залуусын сүүлийн үеийн загвараар захиалга өгнө.

Ингээд салхи шиг сүнгэнэж явтал хэрэг бишэдлээ. "Цэргийн зарлан дуудах" нэг л өглөө нисээд ирдэг юм байна. Хороо, дүүргийн айхтар хэнхэг насжуу албаны хүн хүн дээр хараагаа тусган уурсаж занах мэтээр "Та нар эх орныхоо дуудлагаас нэг минут хожимдох ёсгүй. Энэ жил та биднийг жолоодон зохион байгуулагч МАХН-ын Төв Хорооны тусгай тогтоол гарсан. Бүх хүн үг дуугүй дагах ёстой. Их, дээд сургуулийн оюутнуудыг олноор татах болсон. Цагийн байдал хүнд хэцүү байна. Маоистууд өдөр бүр аюул учруулж байна. Цэрэг армийг чадваржуулах нь манай намын гол зорилго" гэж ирээд том дуугаар авч өгч байнаа. Би УБДС-ийн чөлөөт бөхийн шигшээ багт байсан болохоор дасгалжуулагч багш Хуушаан руугаа гүйлээ. Хэллээ. "Өө тийм юм байхгүй, энэ жил улсын аварга, оюутны спартикиад, бүсийн тэмцээн" гээд олон уралдаан тэмцээнтэй. Манай мастерууд эхнээсээ төгсөнө. Одоо та нарын үе. Сургуулийн нэрийг авч явдаг оюутнуудаа авч үлдэх талаар ректоратад асуудал оруулна. Цэрэгт хүн мундсан биш, харин шалгалт шүүлгээ сайн өгөөрэй" гэв. Итгэл рүү од харваад ирлээ. Одоо хамгийн чухал хүн Монгол хэлний декан Жанчивдорж багш руугаа гүйлээ. Уг нь багш маань салбарын нэрийг гаргадаг спортынхон, урлагийнханд сайн талтай гэлцдэг. Дүндээ хатуу чанга багш маань эдэнд бараг юм ярихгүй байсан ч "эх орны гурав" хайрладаг гэцгээнэ. Сургуулийн аваргаар чөлөөтийн нэгдүгээр зэрэгтэй нөхрийг ялчихаад дэвжээнээс буухад Жа декан маань их баярлачихсан халааснаасаа чихэр гаргаад өгч байсан юм. Одоо ингэх багш байтугай, тэмцээнийг ч очиж үзэх хүн ховор биз. Парисын их сургуульд хүртэл багшилж байсан деканыхаа "Хэл шинжлэлийн онолыг" ойлгох гэж толгойгоо мааждагсан. Юу яриад байгаа нь мэдэгдэхгүй, фонем л гэнэ, морфем л гэнэ... Яахав дээ, онолоор их гүнзгийрүүлдэг байжээ. Харин Т.Пагвагийн "Хэл шинжлэлийн сурах бичэг"-ийг уншаад ойлгоно, багшийн лекцийг уншаад бараг ойлгохгүй. Мань эр тулгамдуу, дэндүү даруу хүн дээ. Ингэж хэлж байнаа. "Салбарын нэрийг гаргадаг чиний хувьд анхаарнаа. Ер нь биеийн тамирынхаа шугмаар хөөцөлдвөл дээр байхаа даа. Манай монгол хэлнийхэн шиг эрчүүд ховор салбар байхгүй. Яах ч аргагүй тулгагдаж магад" гэлээ.

Ингээд Хуушин багшийн зоримог яриа ч тус болсонгүй, Жанчивдорж багшийн хаяагаа манасан бөөрөнхийлөл ч хэрэг болсонгүй. Яг л "Аман хуур" кинонд гардаг барилгын бригадын ахлагч нэг ёрын зэвүүн эр "Намайг харж байхад эдний байшинг бульдозороор түр" гэж тушаадаг шиг мөнөөх хэнхэг эр оюутны байраар дахиад л доншуулаад ирлээ. "Нөхөд залуустай хариуцлага ярина. Сургуулиас чинь хөөлгөнө. Маргааш өглөө яг 1О.ОО цагт районы үүдэнд очсон байх учиртай, өөр наана цаана яриа байхгүй" гэлээ. Найзуудтайгаа ярьлаа. Бултах уу? гэлээ. "Ээ болохгүй байхаа, алуулна... Сургууль ч үгүй, юу ч үгүй хоцорно. Цэргийн хууль хатуу чанга гэнэ лээ" гэлээ. Дотуур байрын найз Говь-Алтай аймгийн Дашцэрэндээ "Би ээждээ нэг сайн галын хайчтай очих гэсэн чинь чадахгүй нь ээ. Чамд хэрэггүй бол хүний нүд хариулж байгаад хог дээр хаячихаарай" гэлээ. Мөн ч юм ховор байжээ, "манайх бас муу хайчтай... үүнийг хараад л муу найзыгаа дурсаж байя даа" гээд бараг нулимс дуслуулж байна.

Дотуур байрны найзууд, ах нар маань район дээрээс гаргаж өглөө. Хөл толгой нь мэдэгдэхгүй шуугиан... Уйлаан майлаан... Сүү өргөж цацад л, захиа занаа өгөөд л, залуу хосууд тэврэлдээд л. Эгээ л дайны талбар луу явах гэж байгаа шиг... Би гэрээдээ ч цахилгаан өгч чадсангүй... Ангийнхандаа ч дуулгаж чадсангүй, хэлсэн бол ангиараа үдээд л, охид уйлаад сүйд болно л доо гэж дотроо бодож байв. Гайгүй дотно үерхэж байсан охиндоо хэлсэнгүй... Улаанбаатар их сургуульд багшилж байсан хожмоо эрдэмтэн болсон сахал Эрдэнэбат, сагсчин Цэдэвдорж, бөх Дугар, Дашцэрэн нар гаргаж өглөө. Машиндаа яг суух зуур тэд халаас руу шилтэй архи шургуулаад, албаа сайн хаагаарай гэж ерөөв. "Наадахаар чинь яах юм бэ? гэвэл "Зүгээр... зүгээр замдаа эрчүүдтэй хуваагаад хүртчих" гэлээ. Би архи гэдэг нэрийг мэдэхээс уруулдаа ч хүргэж үзээгүй.

Би ч энэ тэрийг харж, бэргэсээр зүүн сугандаа гранат хавчуулчихсан юм шиг хавчигнасан амьтан Туул голын Хар усан тохой хүртэл нөгөөхөө яах тухай бодсоор буув. Хаячихья гэхлээр нөхдийн ерөөлтэй юм бас сонин санагдав. Тэгээд ч архи ховор. Шалгуулбал бөөн юм болно гэхээс айна. Арай гэж баригдалгүй майханд унтахаар хэвтлээ. Хажууд хэвтсэн "соонс" хэмээх нөгөөх алдарт Гомбосүрэнгийн хүү биеийн тамирын хэн ч билээ нэг залууд нөгөөхөө хэллээ.

"Ямар чухал эд вэ? Ганц годон юмнаас юунаас нь айсан юм бэ? Эртхэн хэлэхгүй, одоо амарчихсан байхаа даа" гэхэд сая дотор онгойв. "Үгүй ээ, энэ чинь хав халуун болчихож, гэхдээ дажгүй ээ" гээд аваад тэр дороо майхнаас гарав. Нөгөө миний суганд буцлах шахсан ганц шил годон юм ёстой илбэ шидтэй зүйл болсныг гайхав. Мань хүний амьдралыг орвонгоор нь эргүүлчихжээ. Нөгөөх сэргэлэн эр архиа чухал албаны офицерт бариад, өөрийгөө хотод хуваарилуулснаас гадна, "Алдар" нийгэмлэгт орох хаалгаа хийчихсэн байв. "Чи чөлөөтийн Багшийн дээдийн шигшээнд байсан хүн чинь "Алдрын" шигшээд орох юухан байхав. Надад наадахаа хэлсэн бол бүтээх л байсан. Тэгэхдээ болоогүй ээ, чи хаана очино, цэргийн ангийнхаа хаягийг найздаа өгөөрэй, би тусална. Би бусад мундагчуудыг бодвол гавьгүй ч хөөрхий муу аавынхаа үрчгэр нүүрээр орчих шиг боллоо. "Соонс" Гомбосүрэн гэхлээр хүрээний нохой ч андаггүй юм. Миний аав чинь ардын хувьсгалын 3О жилийн ойн наадмын баярын жагсаалд тусгай тэргэн дээр зоосон савлуурын соонсонд 6О эргээд маршал Чойбалсан газар дээр нь шууд "Алтан гадас" хүртээсэн. Бас гавьяат багш гэж ирээд дуржигнуулав.

Ингээд миний нөгөө авто-ийн тусгай ангийн "1О7"-д хуваарилагдаж жолооч болох, юун "Алдар" нийгэмлэгт орж, чөлөөт бөхийн спортын мастер болох.... дашин шог болов оо. Юу ч мэдэхгүй, юу ч сонсоогүй тэртээ алсын зүүн хязгаарт... Осолдохгүй л Халхын голын байлдаан болж байсан газар гэдгээс өөргүй тийшээ юм дэвсээгүй төмөр кузов дээр сэгсчүүлж гарсан билээ. Бас болоогүй ээ, хил хязгаар түгшүүртэй байгаа гэсэн... Дайнд нь ороод азаар баатар ч болчих ч юм бил үү гэж бодсных яана.

Ингэж би гурвын гурван жил ардын армийн албыг ёс төртэйгээр, шударга үнэнчээр, олон аавын хүүгийн магнайд нь тултал хааж, дээд шагнал болох ангийн дэлгээ тугийн дэргэд зургаа авахуулж, "Эх орны манаа" сонинд магтуулж, бас идэвхтэн бичигч болж мэдээ, сурвалжлага олныг бичиж хожмоо сэтгүүлч болох, "Онц хилчин" болох замаа зассан болохоор "ХАЙРАН Ч ГУРВАН ЖИЛ" гэж харамсдаггүй юмаа. Бас Дорнод хилийн 24-р отрядын дарга хурандаа, эх оронч, БНМАУ-ын баатар Пунцагийн Чогдонгийн итгэлийг хүлээж чамгүй ззрэг даалгаврыг биелүүлж сайшаалгаж явлаа. Үзэх элдүүр бүхнийг үзсээн.

Бууны дуу нүргэлсэн газар
Будаа тариа ургаж байна
Буутай цэрэг эрс
Буугаа орхиод, өссөн гэртээ харьж явнаа
Аавууд бүү ай, ээжүүд бүү уйл
Амраг гэргий амар тайван бай
Ахиад цэрэг эрс тулалдаанд явахгүй
Амгалан энхийг өвөрлөөд ирлээ гэж тэртээ зүүн хязгаараас дуулалдсаар, машин машинаараа уралдсаар, хашгиралдсаар Туул голынхоо гүүрээр гарч, зун оройхны шаргал улаан нарны дор ярайсан үзэсгэлэнтэй сайхан Улаанбаатартаа эргэн ирж байснаа мартахгүй ээ.

...Зуны тунгалаг агаар, гацуур, улиангарын бал бурам шиг үнэр, хаа нэгтээ нээллттэй цонхоор алдарт Төмөр "Аялан дуулах чиний минь хоолойтой, адилхан өнгөөр уянгалан ганганаад" гэх дуу сонсогдохыг мэдэрч мөн ч шимтэй гоё байж билээ. Эх орны дайны талбараас амьд мэнд буцаад ирсэн шиг оргилуун дориун байж билээ.

Нимгэхээн эрээн цоохор даашинзтай, наранд борлосон нүцгэн шилбэнийх нь булчин ирвэлзэн эрчилсэн, хот хүрээ газрын дэгжин хэрнээ алим жимсний доторх шиг шим шүүсийг амтагдуулам гоо охид хаа л бол хаа янзага шиг дэгдэцгээнэ. Далан таван оны нов ногоон зун бүсгүйчүүд охидын гэрэл цацрам цагаахан хүзүү, туяхан хотолзсон нарийн бэлхүүс, намирсан торгон гэзэг үс, даашинзны цаахна загас шиг булталзах эмзэгхэн сэргэр мээм хөх зэрэг далдын далд нууцлагхан орших эд эс бүхнийг эртний гоо сайхны ариун тэнгэр Афродита шиг яг л амьдаар нь зурж орхисон шиг байж билээ.

До.Цэнджав

2О18. О3. 17-ны өдөр оршвай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.