Шударга ёс тогтоохын төлөө дөрвөн нам хамтарна

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын ногоон намын төлөөллүүд өнөөдөр 2018.03.14-нд Шинэ дээд үндсэн хуулийн төслийг дэмжих тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү тунхаг бичигт МАХН-ын дарга Н.Энхбаяр /одоогоор Дээд шүүх намын даргаас бүртгэлзэхээс татгалзсан байгаа/, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Ренчинпагма, Монголын үндэсний ардчилсан намын дарга Д.Цогтгэрэл нар гарын үсэг зурлаа.

Тэд нэгдэн Үндсэн хуулийн шинэчлэлийг хийж Шинэ Үндсэн хууль тогтооно гэж зарлалаа. Ийн Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар хамтарч ажиллахаар нэгдэж байгаа гэх боловч үүнийг эдгээр намууд 2020 оны сонгуульд хамтарч ажиллах, цаашилбал нэг нам болохоор нэгдэж байна гэж ажиглах хэсэг байна.

Ийн Н.Энхбаярын гэгддэг одоо ч намын даргын асуудал нь шүүх дээр шийдэгдээгүй байгаа МАХН эгнээндээ “жижиг” гэгдэх намуудыг нэгтгэх ажлаа эхлэв бололтой. 

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ийн улстөрд байж болох тоглолтуудаа идэвхжүүлж байна. Түүнээс гадна хүчингийн гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шахалт хүчтэй өрнөж байгаа. Энэ нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзвал ор нь гарах Хэнтийн тойрогт экс Н.Энхбаяр нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, УИХ-д орж ирж магадгүй гэсэн таамаг байна. 

Үүнийг мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа үгүйсгээгүй байна. 

Энэ арга хэмжээний үеэр эдгээр 4 намын удирдлага юу хэлснийг хүргэе.

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР: Монголчууд боол шиг амьдарч байгааг эсэргүүцэж байна 

-Энэ арга хэмжээнд дөрвөн намын удирдлагууд, жирийн гишүүд оролцож байна. Өнөөдөр Монгол даяар зарлан тунхаглах бичигт гарын үсэг зурах гэж байна. Орчин үеийн монголчууд өнөөдөр боол шиг, өмч хөрөнгөө булаалгасан байгааг эсэргүүцэж, сурч боловсорч чадахгүй байгааг эсэргүүцэж байна. Шинэ дээд хуулийг баталснаар энэ буруу тогтолцоог халж, шударга ёсыг тогтооно.

МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.РЕНЧИНПАГМА: Бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болжээ

-Аливаа төрт улс бүрэн эрхэт, тусгаар тогтнож байгааг илэрхийлдэг гурван үндсэн шалтгаан байдаг. Эдгээр нь хүн ам, газар нутаг, төрт улс. Аль нэг нь доройтоход төр сулардаг. Тиймээс аль аль нь чухал. Өнгөрсөн хугацаанд газар нутаг, экологид аюул нүүрлэсэн бол төр засаг тогтолцооны хямралд орсон байна. Тусгаар бүрэн эрхэт улс  байх бүрэн эрх булингартаж байна. Монголчууд бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болжээ. Шилжилтийн үе дууссан уу, бид ардчилсан сайхан нийгэмд орсон уу гэдэгт хариулт өгөх хүн байхгүй.  Бид монгол нутагтаа сайхан амьдрах ёстой. Парламентад суудалгүй манай дөрвөн нам нэгдэн монгол хүн эх орондоо сайхан амьдрах хуулийн төсөлд нэгдэн, их үйлсийг зорьж байна. Монгол хүний есөн цагаан хүслийг тэтгэх их үйлсэд хамтран зүтгэхээ андгайлж байна.

ИЗНН-ын дарга Д.ГАНХУЯГ: Дүр эсгэсэн дэглэмээс салъя

-Өнөөдөр Монгол хүн ямар нийгэмд амьдраад байна вэ. Монгол хүн хөсөр хаягдан, хилийн чанадад дүрвэж, амьдрахын төлөө харьд боолын ажил хийж байна. Хүн ардаа унтуулсан МАНАН-гийн дэглэм Монголыг Монгол биш болгож байна. Нийгмийг луйвар, хулгай, хүнд суртлын өтгөн манан бүрхжээ. Манай оронд хүнд суртлын төлөө цусгүй дайн өрнөж, ард түмэн үрэгдэж байна. Ултай суурьтай шийдэх шийдэмгий алхмыг хэрэгжүүлэх цаг ирлээ.  Дүр эсгэсэн дэглэмээс бүгдээрээ нэг мөсөн салъя.

Бид Монгол Улсаа өрөнд бариулах биш бусдад ээлээ түгээсэн улс болохыг хүсч байна. Тиймээс Үндсэн хуулиа зоригтой шинэчлэх хэрэгтэй. Ард түмэн хамгаас хүчтэй.  

МҮАН-ын дарга Г.ЦОГТГЭРЭЛ: Шинэ дээд хуулиа бүтээхэд хамтдаа зүтгэе

-Бидний монголчууд улстөр, нийгмийн төвлөрсөн тогтолцооноос ардчилалд шилжихдээ  урьдчилан тааварлах бололцоогүй байсан.  Хуулиа судалж, хүчин чадлыг нь бүрэн ашиглах хэрэгтэй гэж ярьж, ухуулж байгаа хүмүүс бол нийгмийн гүнд орж амьдраагүй хүмүүс юм. Өндөр албан тушаал тасралтгүй залрах хувь заяагаа дээдлэн шүтэгчид.  Тэд бол монголчуудыг тулга тойрсон хэрүүл дунд нь амьдруулах гаднын бодлогын гар хөл болгочид юм. УИХ, Засгийн газрын гишүүд нь тэрбумтнуудын албан тушаал болно гэдгийг мэдэж байсан хүн нь бий юу. Томоохон компани, нөлөөлтэй улстөрч болгон архи тамхины бизнес эрхэлдэг, эсвэл томоохон ард эзэмшдэг болно гэдгийг мэдэж байсан уу. Монголын байгалийн баялаг гаднын хөрөнгийн бирж дээр монгол хүний оролцоогүй тоглодож, зуучлагч нь тэрбум тэрбумыг дансандаа хийж байна.

МҮАН  байгуулагдсан цагаасаа үндэсний үзлээр засаглахыг эрхэмлэж ирсэн. Түмэн олны амьдралыг бодох цаг болсныг МАНАН сануулж байна. Эх хуулиа шинэчилж, төрөө төвшитгөн, түмэн олныхоо амьдралыг бодох цаг болсныг УИХ-д суудалтай МАН, АН-д сануулахын хамт засаглалын гаж дон, тогтолцоог засахын тулд төр барьсан бариагүй хэн хүнгүй шинэ дээд хуулиа бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

“Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна.

1.Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж байгаа ард түмнээ дээдлэх нь Монгол төр, засаг мөнх оршихийн гол баталгаа мөн. Монголын ард түмэн төр, засгийн бүрэн эрхийн суурь юм.

2.Ард түмний сонгосон Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэх хоёр парламент хууль баталж, хэрэгжүүлдэг байх. Бат бэх эе эвийг тогтооно.

3.Монгол хүн, гэр бүл өөрийн хүсэл зоригоор эмхлэн байгуулсан төр, засгийн ивээлд байна.

4.Өвгөд дээдсийн амь насаа хайрлалгүй тэмцсэн олсон газар нутгийн баялгийг монгол хүн, өрх бүр, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулна.

5.Ядарч байгаа хүмүүс, ахмад, олон хүүхэдтэй эхчүүдийг хамгаалах БНМУ-ыг цогцлоон байгуулж, ядуурлыг бүрмөсөн арилгана.

6.Төр, засгийн зардлаар залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгоно.

7.Төр засгаас эрүүл мэндийн зардлыг бүрэн хариуцна.

8.Залуу гэр бүлийг орон сууцаар хангаж, зардлыг төр засгаас бүрэн хариуцна.

9.Өрхийн амьдралын ачааллыг нуруундаа үүрч байгаа монгол хүн бүр амьдралд хүрэлцэхүйд орлоготой болгоно. Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа олгон, гэрчилгээ олгоно гэсэн байна.

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.