Өөлд бол Ойрадын нэгэн аймаг

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

ӨӨЛД бол Ойрадын нэгэн аймаг бөгөөд Ойрадын Цорос аймгаас үүссэн. Зүүнгарын хаант улсын Цорос аймгийн харъяанд байж байгаад 1755-1758 оны бослогын үеэр Манжийн цэргийн дайралтад өртөж, нилээд хор хохирол амсаж байсан. Зүүнгарын хаант улсын Галдан Бошигт хааныг дагаж байсан Ойрадуудын нэгэн хэсэг болох Өөлдүүд одоо үед Монгол улсын Архангай аймгийн Өлзийт, Хотонт, Өгийнуур сумд болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум /Цамбагарав уулын өврөөр/, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт оршин суудаг.

Нэрийн гарал: зарим судлаачид Ойрад (ойн ард) гэдэг үгийг хятадууд хазгай дуудаж нангиад сурвалжид сунжруулан тэмдэглэснээс Өөлд болсон гэдэг. Харин Ж.Төмөрцэрэн нь өсгөлүүн их бадриун хэмээх утга бүхий өгэлэ гэдэг үгэнд "д" дагавар залган дуудсанаас өгэлэд болжээ гэсэн байна. Энэ саналыг А.Очир дэмжиж үнэхээр өөлд нь дөрвөн Ойрадын доторх том аймаг байсан учир бүх Ойрадыг өөлд хэмээн нэрлэсэн явдалтай холбож бичсэн байна.

Тод үсгийн сурвалжийн мэдээгээр, Эсэн хааны ач Хамаг тайш 1480-аад оны үед Цоросын дотроос албат таслан аваад түүнийг Өөлд хэмээн нэрийджээ. Ийнхүү өөлдүүд Ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч иржээ. Өөлд нь Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг “Өөлд” хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин Равдан, Данжила нарыг дагуулж 3 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ.

1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн гурван хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ. Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуугийн угсааныхны захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлдийн өмнөд хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Бишрэлт засгийн хошуу хэмээн нэрлэж байсан агаад одоогийн Архангай аймгийн Өлзийт сум бүхэлдээ, Өгийнуур сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв.

Харин Данжилагийн үр хойчсын захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлд бэйсийн хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Сүжигт засгийн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Түүнчлэн Равдангийн ахмад хөвгүүн жүн ван Цэрэнванбуугийн харьяат 1 хошуу байсан агаад 1728 онд Цэрэнванбуу нас барсанд түүний дүү Сэвдэнванбуу Цэрэнванбуугийн хөвгүүн Дамбийг түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нэгтгэж, Сэвдэнванбууд захируулжээ. Хожим хэргийн үнэн учир олдож, Дамбийгийн хошууг дахин байгуулжээ.

Гэвч 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр гүтгэж мэдүүлсэн тул Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж, Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгажээ. Энэ тухай бас өөрөөр байдаг тухайлбал: 1764 онд Дамбий гүний албат нар Сайн ноён хан аймгийн Өөлд хоёр хошуунаас тасран, Ховд голын хөндий, Цамбагарав ууланд ирж нутаглан суусан тухай өөлдийн дунд ам дамжин яригдсаар ирсэнээр : “Өөлдийн хоёр хошуу Өлзийт, Хотонт хавиар нутаглаж байж гэнэ. Нэг хошууг нь Шаа бэйс, нөгөөг нь Дамбий гүн захирдаг байжээ. Гэтэл Шаа бэйс хоёр хошууг нэгтгэж захирахыг санаархаж эхэлжээ.

Улмаар хошууны тахилч лам Равжаа гэгчийг зориуд хатган Хятадын худалдааны томоохон пүүсийг шатаалгажээ. Гэвч удалгүй Равжааг баривчилж хэний зарлиг тушаалаар, юуны учир шатаасныг байцаахад, тэрбээр Дамбий гүнийг холбогдуулсан тул манж нар Дамбий гүнийг хэрэгт унагаж тэр даруй цаазалж гэнэ. Үүнд дургүйцсэн Дамбийн харъяат нар олон жилийн дайны хөлд амьд үлдсэн ах, дүү хоёр хошуу бие биенээ барьж идэх цөвүүн цаг иржээ. Бид Шаа бэйсэд захирагдахгүй. Харин Цамбагарав уул, Галдан хаанаа нутаглуулсан Түвшингээ түшнэ хэмээн 1764 онд Болд залан гэгчээр удирдуулан иржээ. Угаас сэргэлэн Болд залан урьдаж газрыг шинжилж гурван цаст, таван голын сав дагуу үржил шимт нутгийг сонгосон” гэдэг. Ховдод нүүж ирсэн өөлдүүдийг нэгэн хошуу болгон зохион байгуулж Ховдод суусан манж сайдын газарт захируулжээ. Ховдын өөлд хошууг угсаа залгасан ноён биш, харин манжийн эрх баригсдын томилсон бүгдийн дарга захирдаг байв.

1912 онд Өөлд хошууны бүгдийн дарга Ламжав Богд хаант Монгол Улсад дагаж захирагдахаа илэрхийлсэнд, түүнд үе улиран үйзэн цол, улсад туслагч гүнгийн хэргэм шагнаж, дөрвөдийн баруун гарын Зоригт хан аймагт захируулжээ. Тэр цагаас хойш эл хошууг Үйзэн гүнгийн хошуу хэмээн нэрийдэж, ноён нь үе залгамжлах болов. 1925 онд засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийхэд урьдын Үйзэн гүнгийн хошуугаар Мөнхнамаржин, Цагаанхайрхан, Эрдэнэ хайрхан гэсэн 3 сумаас бүрдсэн Цамбагарав уулын хошууг байгуулж, Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1927 онд Цамбагарав уулын хошууг Наранхайрхан уулын хошуутай нэгтгэжээ.

Өөлд айл. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Зургийг М.Гомбожав. 1938 он.

(ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Баримт мэдээллийн төв.)

1931 онд Наранхайрхан уулын хошуунаас урьдын Үйзэн гүнгийн хошууны өөлдүүдийг салган өдгөөгийн Эрдэнэбүрэн сумыг байгуулсан нь өөрчлөлт гаралгүй өнөөг хүрчээ. Ховдын өөлдүүд бол Галдан бошготын албатын нэг хэсэг, Архангай өөлдүүдийн тасархай юм.

Эдгээрээс гадна Манжийн эрхшээлийн үед Хөлөнбуйрт өөлдийн 1 хошуу байсан нь мөн л Галдан бошогтын албат байсан ажээ. Түүнчлэн Зүүнгар улсыг мөхөөсний дараа тэдний үлдэгдлийг манж нар Хармөрөн мужид нүүлгэн аваачиж, Өөлд хошуу байгуулжээ. Тус хошуу зөвхөн өөлд бус, Ойрадын олон овог аймгийн хүмүүсээс бүрэлдсэн хэдий ч Хармөрний Өөлд хошуу хэмээдэг. Мөн зүүнгарын нутаг байсан шинжаанд зүүнгарын геноцитоос үлдсэн цөөн тоотой өөлдүүд байдаг голчлон БНХАУ-ын ШУӨЗО-ны Или аймаг Монгол хүрээ хошуунд байх ба Тэнгэр уулын дунд бие Илийн голын хөндийд монгол хүрээ хошуунд суудаг. Зүүнгарын хаант улсын буурийг сахиж үлдсэн цөөхөн өөлдүүдийн үр удам хамгийн олноор суудаг газар нь тус монгол хүрээ юм. Тус хошуунд арван мянга гаруй өөлд монголчууд аж төрдөг гэх.

Өлзийсайхан Өлзий

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.