Украинд доллар, Оросод хориг

Twitter Print
2014 оны 03-р сар 17-нд 17:22 цагт
Мэдээний зураг,
 

Крымийн сонгууль ийм л үр дүн авчирлаа. Ингэх ч ёстой байсан. ОУВС-ын Украинд багц тусламж хүргэх зорилтод "бодитой дэвшил" гарч шууд 15 тэрбум доллар олоод авав. АНУ, Украины нөхцөл байдалд яггүй няхуур хандаж үг хэлээ ихээхэн цэнэж байсны эцэст цэргийн тусламж үзүүлэх дээрээ тулаад байгаа. Энэ тухай мэдээлэл дуулсан даруйдаа Оросууд өргөн хүрээтэй цэргийн сургуулилт хийж сүр хүчээ илтгээд авснаар Европын холбоо урьд нь гар татаж байсан эдийн засгийн тусламж олгох тухай асуудал гацаанаас гарах шиг боллоо. Энэ нь нэг талаас ОХУ-ын амыг хааж өмнө нь Украинд олгох болсон 15 тэрбумын зээл тусламжийг үл хэрэгсэх хүчин зүйл болж байгаа нь тодорхой.

Энэ өнгөн дээр мөн канцлер Ангела Меркель Украины асуудлаар Оросод илгээмж хүргүүлэх болсоноо Германы Бундестагын хуралдаан дээр мэдэгдсэн явдал анхаарал татаж байна. Канцлерын мэдэгдсэнээр " Оросуудын Украинд явуулж байгаа үйл ажиллагаа олон улсын эрх зүйн наад захын зарчмуудыг  зөрчиж байгаа явдал" аж. Польш, Чех болон Балтийн орнууд Оросын ашиг сонирхол, нөлөө энэ бүс нутагт ноёрхохоос болгоомжилж байгаа учир Герман улс тэдний талд зогсоно гэдгийг Меркель ойлгууллаа. “Москваг Крымээс цааш ганц ч алхам илүү гишгэхгүй шүү" гэдгийг канцлер үүгээрээ хатуу ойлгуулж " асуудлыг цэргийн замаар шийдвэрлэх нь оновчтой бус" болохыг анхаарууллаа.

Ангела Меркелийн Бундестагт хэлсэн үгээс харахад Герман улс Европын холбоотой нягт хамтран “эрчимтэй” ажиллаж байгаа учраас сөрөг нөхцөл байдал хэрвээ үүсэх юм бол энэ нь дан ганц Украины улс төр, эдийн засгийн  хямралыг даамжруулаад зогсохгүй ОХУ-д ч үсэрч нялзах аюултай гэдгийг онцгойлон сануулсан хатуу байр суурь  баримталж байгааг тодорхойлж байна. Германы Bild сонины тэмдэглэснээр "Меркель  Крымийг алдсан гэдгээ мэдэж байгаа, харин дараа нь дорнод Украиныг оролдож болохгүй шүү гэдгийг Оросуудад ойлгуулахыг  хүсэж байгаа. Энэ тохиолдолд ОХУ-ын эсрэг эдийн засгийн онцгой хориг арга хэмжээ авах нь тодорхой" гэж тэмдэглэжээ.

ОУВС-аас  энэ сарын 21-нд багтааж Украины засгийн газарт тусламж хүлээлгэн өгөхөөр яаравчилж байгаа тухай тус сангийн захирал Кристин Лагард мэдэгдсэн тухай The Wall Street Journal онцолсон байна. Крымийн асуудал хөндөгдөж эхэлсэн цагаас Европын холбоо ийм алхам хийх болсон. Энэ зэрэгцээ АНУ, НАТО-гийн хүрээнд болзошгүй цэрэг дайны үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад байгаа нь илт. Америкчууд сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-ын цэрэг, техникийг тандах нууц ажиллагаа эрчимтэй явуулж эхэлсэн. Евромайданы үймээний үеэр ч гэсэн «Беркут»-ын хууль сахиулагчид болон босогчдын өөрийгөө хамгаалах хүчний харьцаа ямар байгааг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр тандаж яваад 8 сая долларын өртөгтэй онгоцуудаа буудуулж хохирол хүлээснийг, Польшид  сөнөөгч нисэх онгоцуудаа татсаныг,Украины түр засгийн газрын тэргүүн Арсений Яценюк Америкт бадар барж очихдоо АНУ, Украины аюулгүй байдлыг хангах  үндэслэлээр 1994 онд байгуулсан тусламжийн гэрээний дагуу цэрэг, зэвсэгийн тусдамж үзүүлэхийг хүссэн зэрэг олон учир шалтгаанаар нөхцөлдөж Америк бүс нутгийн дайнд татагдан орж болзошгүй гэдгийг улс төр шинжээчид тэмдэглэж байна.
“Гэхдээ Америк ийм хувилбар сонгохгүй. Учир нь Оросод маш олон тооны цөмийн цэнэгтэй хошуу байгаа. Тиймээс үний сөрөх ганц үр дүнтэй арга зам бол цөмийн зэвэсг хариу хэрэглэхэд хүрнэ “гэж Lexington Institute (АНУ) хүрээлэнгийн шинжээч Лорен Томпсон “Forbes” сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ. Өөр хоорондоо уялдаатай эл бүх нөхцөл байдлаас шалтгаалан хэдийгээр дайн тулаандаа хүрэхгүй ч гэсэн улс төрийн арга замаар хямралыг зохицуулах гэсэн сунжирсан яриа хэлэлцээр мөд салахгүй нь ээ.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.