Суут эрдэмтэн Стивен Хокинг таалал төгсчээ

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Их Британийн онолын физикч Стивен Хокинг /Stephen Hawking/ 76 насандаа таалал төгсчээ. Өнөө цагийн сод ухаантан гэгддэг асан Британийн сансарын физикч Стивен Хокинг хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан. Насан туршдаа төв мэдрэлийн системийн буюу англи хэлтэй орнуудад хэлдгээр Лу Геригийн өвчнөөр шаналж ирсэн түүний өвчин даамжирсаар бүхэл бие нь мэдрэхээ больсон юм. 

Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медаль хүртжээ.

Хокинг нь 1979 оноос 2009 оны аравдугаар сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигджээ.

Түүний бичсэн номууд болон нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдарт хүрсэн эрдэмтдийн нэг болгосон билээ.

Өөрийн боловсруулсан онолууд болон космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон байдаг. Үүнд, Британийн “Сандэй Таймс”-ын бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн, 237 долоо хоногийн турш байсан “Цаг хугацааны талаар товч түүх” (A Brief History of Time) номоороо ихэд алдаршсан нэгэн билээ.

Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм. 

Түүний оюун ухааны бүтээлийг цаг алдалгүй авч үлдэх үүднээс түүний хөдөлмөрийг хөнгөвчлөх янз бүрийн аргыг эрдэмтэд бүтээж өгч байсны нэг нь 2014 онд түүнд зориулж харилцан ярианы шинэ аппарат бүтээж өгчээ. Уг төхөөрөмжийн ачаар Хокингийн хэл яриа асар дээрдсэний дээр өөрийнх нь хоолойн өвөрмөц өнгө тод мэдрэгдэж байсан аж.

Intel болон Swiftkey компаниуд хамтран бүтээсэн харилцааны уг төхөөрөмж Хокингийн харааны шилэнд суурилуулсан хэт улаан туяаны дамжуулагчаар ажилладаг бөгөөд эрдэмтний ярианы хурдыг хоёр дахин ихэсгэхийн хамт үйл хөдлөлийг нь эрчимжүүлж, түүнд хэрэгцээ шаардлагатай баримт материалуудыг нь компьютероор олоход тусалдаг байсан юм. 

1960-аад оноос хөдөлгөөний нейрон өвчнөөр шаналж тэргэнцэрт суусан Стивен Хокинг 1985 онд уушигны хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн учир эмч нар түүнд гуурсан хоолойн хагалгаа хийсний (tracheostomia) улмаас ярьж чадахаа больсон юм.

Харин Хокинг  эл хүнд бэрхшээлийг үл ажирч өнгөрсөн арван жилийн хугацаанд онцгой идэвхтэй амьдралын хэв маяг баримталж ирсэн бөгөөд 2007 онд бүр тусгай нисэх онгоцоор жингүйдэж хүртэл үзсэн аж. Үүгээр зогсохгүй суут эрдэмтэн гурван хүүхэдтэй, Кембрижийн их сургуульд тэрээр Исаак Ньютоны цагтаа эзэгнэж байсан, академик шинжлэх ухааны хамгийн дээд хэргэм зэрэг болох Лукасын профессор албан тушаалыг хашдаг байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.