Монгол хэл, бичгийн стандарт юу болоод байна вэ?!

Twitter Print
2018 оны 03-р сар 15-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Зүв зүгээр байсан зүйлс сүүлийн үед бидэнд мэдэгдэхгүйгээр, далдуур, холион бантан болоод байгаа нь хаанахын, хэний, ямар гээчийн бодлого вэ?! Юу ч мэдэхгүй байж, нэг их стандарт мэддэг хүн шиг чухал царайлах ч миний хувьд ичгэвтэр л байна. Гэвч мэдэхгүй яваад байж болохгүй болсон цаг ажээ. Өчүүхэн миний ичгүүр, зовуурь энэ жигтэй хэрэг явдлын хажууд бол үнэндээ өчүүхэн юм.

Учир юу вэ гэвэл:

1. ISO 639-3 стандартад монгол хэлийг (mn) макро хэл болгоод дотор нь Halh Mongolian, Peripheral Mongolian гэсэн хоёр тусдаа, бие даасан хэлнүүд (individual languages) гэж томьёолжээ! Та бүхэн Peripheral Mongolian гэж хэл сонссон уу?!

Peripheral -зах хязгаарын, туслах, хоёрдугаар зэргийн (Яахаараа ч монгол хэл маань зах хязгаарын, туслах чанарын, хоёрдугаар зэргийн хэл болчихдог юм?! Хэн тэгэж үзээд байна?! Энэ бол маш ноцтой тодорхойлолт шүү!) гэсэн утгаас хөөгөөд, цааш шалгаж үзвэл өвөр монголчуудын голлон ярьж буй хэл буюу ерөнхийдөө цахар аялга-ыг хэлсэн бололтой юм. Харин халх монгол хэл гэж байдаггүйг бид бүгд мэдэх бөгөөд энэ нь монгол хэлний зөвхөн нэг л аялга юм.

БНХАУ-ын талынхны ярьдаг, 5 их үндэстэн (хан, монгол, түвэд, уйгур, манж), их, баган нийлсэн 64 үндэстэн гэж хөөргөддөгийг даган манайхан өөрсдөө буриад үндэстэн, барга үндэстэн гэж самуураад, түүнийгээ дагаад буриад хэл, барга хэл гэж мунхраад яваагаас үүдэлтэй юм. Угтаа бол тэд бүгдээр монгол үндэстэн-ий салаа мөчрүүд, монгол хэлний олон аялгууд л юм шүү дээ!

Тус стандартад “-Хэсэг хугацааны дараа 2 этгээд ихээхэн хүч зарцуулахгүй ойлголцож чадаж байвал аялга харгалзахгүйгээр дан хэл гэж үзнэ.” гэж заажээ. Монгол хэлийг макро хэл болгох нь логикийн хувьд ч, шинжлэх ухааны хувьд ч буруу! Хэлзүйн судалгаа талаасаа ч асуудалтай л баймаар юм. Улс төрийн хувьд ч монгол хэлний нэгдмэл чанар алдагдах аюултай санагдаж байна. Энэ аль улсын зөөлөн хүчний бодлого вэ?! Хэдийгээр монгол үндэстэн гурав тасарсан ч гүрэн улсынх нь уг шаг нь арилчхаагүй, гал голомт нь унтарчхаагүй байна. Ингэж харийнхны бодлогыг хүлцэнгүй дагаж, нэг үндэс угсаа, нэг хэл соёлоо хэдэн хэсэг хувааж хаяхыг зүгээр хараад сууж болохгүй байх аа.

Дээр нь нэмж хэлэхэд, ямар нэг программ хангамж хөгжүүлэхэд бүгдээрээ ISO-639 стандартыг барьдаг бөгөөд аливаа программ хангамж тухайн хэлээр баримт үүсгэх бол тус стандартаар оноосон кодыг хэрэглэдэг. Тэгвэл бид цаашид аливаа программд монгол хэлийг дэмжүүлэхийн тулд khk (халх) эсвэл mvf (...) кодыг хэрэглэх шаардлагатай болжээ. Учир нь монгол өөрөө ядаж сонгодог монгол хэл гэсэн дан хэлээр ч тодорхойлогдоогүй байгаа тул аливаа цахим баримт жишээлбэл HTML (вэб) эсвэл ODF (оффис документ) форматтай баримтад mn кодыг хэрэглэж, бичвэрээ таних ямар ч боломжгүй, эсхүл хэрэглэлээ гэхэд ямар ч нөлөөгүй болно гэсэн үг! Ямар алдаа шалгагч-спеллчекер ажиллуулах вэ, босоо эсвэл хэвтээ чиглэлтэй бичих үү гэх мэт олон зүйлийг шийдэхийн тулд бичвэрийг ингэж стандарт кодоор тэмдэглэж, таниулдаг ажээ. Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Газар юу хийгээд, эл ноцтой асуудалд нүдэн балай чихэн дүлий байна вэ?!

2. Манайд хэлний бодлого гадаадад битгий хэл дотооддоо ч алга!

Хэлний Тухай Хууль батлаад, хариуцах эзэн, хийх ажил, хэрэгжүүлэх арга замыг нь заагаад, торгууль, шийтгэл оноох эрхийг нь өгчхөөд байхад Төрийн Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл гээч сүржин нэртэй газар яагаад юу ч хийхгүй суугаад байна аа?!

Үгүй ядахнаа мөнхүү хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээд, гадуур байгаа энэ олон, гадаад, монгол хольж, зөв, буруу бичсэн, ямар ч стандартгүй, зах замбараагүй хаяг, реклам, самбар өлгөсөн босгосон газруудад албан шаардлага хүргүүлж, сануулаад, болохгүй бол торгоод, бүр болохгүй бол байгууллагыг нь татан буулгах хүртэл арга хэмжээ аваад, эмхэлж цэгцлээд орхивол зүгээр байна санж!

Тэдэнд хуулиар олгогдсон бүрэн эрх нь байна. Хийж хэрэгжүүлж чадвал улсаас өгсөн төсөвөө чамлаж суухгүй, цэвэр аж ахуйн тооцоон дээр ажиллаад, байгууллагадаа ч ашигтай, улсдаа нэмэртэй ажиллаж болмоор санагдах юм. Хэлээ, бичгээ өөд нь татаад, хаашаа ч харсан зөв сайхан, утга учиртай, цэгцтэй хаяг, самбар, сурталчилгаа хараад, уншаад явбал хараад нүд өвдөхгүй, уншаад будилж төөрөхгүй, хүмүүсийн бодол санаа ч өөдрөг болж, тэр хэрээр үндэсний ухамсар, сэтгэлгээ дээшилж, хэл соёлын дархлаа сайжрах биш үү?!

Улс нь удирдлага толгойгүй, стандартынхан нь барих зүг чиггүй, хэлний зөвлөлийнхөн нь юу ч хийхгүй ингээд яваад байж болж байгаа юм уу?!

Л.Мөнхтөр

Чикаго хот, АНУ

2018 оны 3 сарын 13

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.217) 2018-03-14 12:37
      • 0
      • 1

      Маш зөв зүйтэй асуудлуудыг хөндөж байна шүү.

      Хариулах