АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Twitter Print
2018 оны 03-р сар 13-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр Үндэсний бодлогын зөвлөлийг Үндэсний бодлогын хороо болгон өргөтгөн 410 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Жил бүр ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгт эргэлт /ротаци/ явуулах журамтай. 2018 оны ротцацид 76 тойргийн 123 мандатад 143 хүн өрсөлдөхөөр болж, АН-ын дотоод сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ. Өнөөдөр АН-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав.

Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд АН-ын дарга С.Эрдэнэ оролцлоо. Тэрбээр нэр дэвшигчдэд хандан “Ардчилсан намын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байна. Бид дотоод асуудлаа нээлттэй, ил тодоор шийдвэрлэнэ. Ардчилсан намын ямар ч гишүүн ҮБХ-ны гишүүн болох боломжтой. АН-ын гишүүдийн олонхийн саналыг авсан хүн ҮБХ-ны гишүүнээр сонгогдох болно. АН-ын дотоод сонгуультай холбогдуулж багагүй шуугиж байна. Нэр хүндтэй хэн нэг нь, том улс төрч ротацид өртчихлөө. С.Эрдэнэ өөрийн хүнээ ҮБХ-д оруулах гэж байна гэх мэтээр үлгэр домог ярьж байна. Яриа дэгдээж буй хүмүүст хандаж оргүй үгээ зогсоохыг хүсч байна. Нэр дэвшигч Та бүхний сурталчилгаа нээгдэж байна. Булхай битгий хийгээрэй. Шударга өрсөлдөөрэй” гэлээ.

ҮБХ-ны 236 гишүүн нь нийслэлээс сонгогддог. Эдгээрээс 92 гишүүн эргэлтэд орсон бөгөөд 87 хүн АН-ын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Энэ арга хэмжээнд Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга сонгуульд оролцож буй гишүүдэд хандаж үг хэлэв. Тэрээр “Та бүхэн ротацид жил бүр орох магадлалтай. АН-ын гишүүн Та, намын үйл хэрэгт идэвхигүй оролцвол эргэлтэд орсоор л байх болно. Нийслэлийн АН нь нийслэл, дүүргийн намын хорооны гишүүдийн оролцоо, үйл ажиллагааг дүгнэж байгаа. Ротаци нь гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хөшүүрэг болж байгааг ойлгуулах хэрэгтэй” хэмээв.

Одоогоор Баян-Өлгий аймагт эмэгтэйчүүдийн суудалд 2, Завхан аймагт чөлөөт суудалд нэг нэр дэвшигч бүртгүүлээгүй байгааг Дотоод сонгуулийн хороо мэдээллэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.