БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Арилжааны чиглэлээр шонхор агнахыг албан ёсоор хориглосон

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. БОАЖ-ын яам салбарынхаа нээлттэй өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсон тухай мэдээллээ. Энэхүү нээлттэй өдөрлөг нь энэ сарын 14-21-ний хооронд болох бөгөөд бямба гарагт үргэлжилнэ гэдгээрээ онцлог юм байна. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр “Энэ өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд,  аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” хэмээсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай мөн санал, гомдол, хүсэлттэй иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газар болон ажлын хэсгээс ямар ажил хийж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдсанаас хойш хэд хэдэн ажил хийж дууссан. Зарим ажил судалгааны шатанд явж байна. Ирэх долоо хоногт агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж 2018 онд хийгдэх нарийвчилсан ажлуудын төлөвлөгөөтэй танилцана.

-Цэвэрлэх байгууламжын асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна?

-БОАЖ-ын яамнаас бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэгдсэн ажлын хэсэг гаран ажиллаж байна. Яамнаас шинэ цэвэрлэх байгууламж болон цаашид лагтай холбоотой асуудалд үүрэг, даалгавар өгөөд ажиллаж байгаа. Хойшлогдоод, тодорхойгүй байгаа гэдэг нь ажлын хэсэг хуралдаад эцсийн шийд гаргаагүй байна гэсэн үг. Түүнээс биш дэд ажлын хэсгүүд хүлээсэн үүргээ биелүүлж, ажил хийгдэж байгаа.

-Энэ онд тусгай зориулалтаар ангуулах амьтдын хувиарлалт хийхдээ агнуурын нөөцгүй газраас аргал, угалз агнах зөвшөөрөл олгосон гэх асуудал яригдаж байна. Энэ талаар?

-Нийтдээ 20 гаруй аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгодог. Өмнөх жилийн статистик тоонд үндэслэн тухайн агнуурын бүс нутгийн менежмент эзэмшигчдийн хүсэлтэд үндэслэн тоог гаргасан. Цаашид Засгийн газар, БОАЖЯ-аас бүх мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ бол агнуурын менежмент хариуцагч компани, тухайн хариуцагч компанитай тохиролцоогүй бизнес эрхлэгч нарын үл ойлголцол. Ил тод нээлттэй болоод ирэхээр хэн нь ажлаа шударга хийж байгаа нь харагдана.

-Шонхор агнах, барих зөвшөөрөлд хязгаарлалт тавих уу?

Арилжааны чиглэлээр шонхор агнахыг албан ёсоор хориглосон.  

-Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр барилга барьж болох ч орон сууц баригдаад байна?

-Ажлын хэсэг гаран ажиллаж хуулиар мөрдөх ёстой хэм хэмжээгээ зөрчсөн аж ахуй нэгжийн зөвшөөрлийг хуулийн дагуу цуцлахаар ажиллаж байна. Анх зөвшөөрөл авахдаа өгсөн хүсэлтийнхээ дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх нийтийн эзэмшлийн зам талбайд буюу зэргэлдээ байгууллага, иргэний орц гарцыг нээж өгөөгүй санал гомдол БОАЖЯ-нд долоо хоног болгон ирдэг. Санал гомдлын 80 гаруй хувийг зөвхөн Богд уултай холбоотой газрын гомдол эзэлж байна. Гэтэл энэ бол манай үндсэн ажил биш учраас тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын тогтоолоор цаашид Зайсангийн аманд суурьшсан иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажлын хэсэг яам хооронд гараад явж байна.

Д.Түвшин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.