МУГЖ Э.Амартувшин олон улсын мэргэжлийн сонгодог урлаг дуурийн шилдэг дуучны "BRAVO" шагналтан боллоо

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Bravo" ёслолоос Хүндэт шагнал хүртлээ.

Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид уг ёслолоос МУГЖ Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар мөн хүндэт шагнал хүртжээ.

Дараах номинациудад шагнал гардууллаа:

  • Оны шилдэг сонгодог цомог
  • Орчин үеийн хэлбэрт шилдэг сонгодог хөгжим
  • Оны шилдэг дуурь
  • Оны шилдэг балет
  • Оны шилдэг сонгодог эмэгтэй вокал
  • Оны шилдэг эрэгтэй вокал
  • Оны шилдэг концертын танхим/театр
  • Оны шилдэг оркестр
  • Оны шилдэг удирдаач
  • Дэлхийн од
  • Сонгодог урлагийг дэмжигч

Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнаж байх уг шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж. 

МУГЖ Э.Амартүвшин уг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдэд зориулан Анна Нетребко, Хосе Карерас, Светлана Захарова, Род Стюарт, Юсиф Эйвазов, Су Ми Жо зэрэг хүн төрөлхтний энэ цаг үеийн их урлагийн манлай уран бүтээлчидтэй зэрэгцэн Москвагийн Их театрын тайзнаа дууллаа.  

МУГЖ Э.Амартүвшин ийнхүү энэ цаг үеийн дуурийн урлагийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Од” болсноо зарлан тунхаглаж, дэлхийн дуурийн урлагийн “Алтан тайз”-уудын нэг Москвагийн Их театрын тайзнаа өндөр нэр хүндтэй шагнал гардаж, мөнхүү дуу хоолойгоо Оросын үзэгчдэд хүргэх гэж байгаа нь Монголын дуурийн урлаг аль хэр өндөрт гарсны бас нэгэн нотолгоо болж байна. Э.Амартүвшин гавьяат өмнө нь 2011 онд НҮБ-ын Их танхимд ая дуугаа өргөж байсан бол ийнхүү Их театрт дэлхийн супер одуудтай хамтран ийнхүү ая дуугаа өргөлөө. 

Тэрээр дэлхийн бараг л бүх томоохон театрын тайзнаа дуулж, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа билээ. Тухайлбал Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтеронийн дүрд 4 удаа тоглосон. 2014 онд  Москвагийн Их театрт болсон "Монголын алтан хоолойтнууд" тоглолтонд оролцож байсан.

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр, МУСТА дэд профессор Ц.Ерөө багшийн удирдлага дор төгсөж 2009 оноос УДБЭТ–т гоцлол дуучнаар ажиллаж байгаа МУГЖ Э.Амартүвшин маргааш Москвагийн алдарт Их театрын тайзнаа дэлхийн дуурийн болон поп, рок хөгжмийн одуудтай зэрэгцэн дуулах гэж байна. 2011 онд МУГЖ цол хүртсэн Э.Амартүвшин дуучин өнгөрсөн хугацаанд дуурийн эх орон Италид Монголоос хамгийн олон удаа уригдан очиж дуулсан гэдэг.

Заримаас нь сонирхуулвал 2017 оны долдугаар сарын 1-нд Италийн хамгийн эртний тайз гэгддэг “Арена Ди Верона”-д Ж.Вердийн “Риголетто” дуурийг нээж Риголеттогийн ариг дуулсан байдаг. “Арена Ди Верона”-д нийт таван удаа тоглох тус дуурийн эхний хоёр тоглолтод МУГЖ Э.Амартүвшин тийнхүү дуулж дуурийн нээлтэд оролцож үзэгчдээс нь өндөр үнэлгээ авсан гэдэг. Тухайн үед түүний талаар Италийн хэвлэлд "Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Энхбатын Амартүвшин дуулсан нь тус дүрийн нууц далд санаа, онцлог бүрийг хэдийн таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ" хэмээсэн байдаг. Дашрамд мэдээлэхэд, МУГЖ Э.Амартүвшин энэ жил “Ернани” дуурь, Австралийн Седней дуурийн театрт дуулах урилга аваад байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Б.Дамдинсүрэнгийн  “Учиртай гурван толгой” дуурийн  Юндэн, Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасро, Ж.Верди “Риголетто” дуурийн Риголетто, Монтероне, Ж.Верди “Травиата” дуурийн  Барон, Ж.Верди "Трубадур" дуурийн  Ди Луна, Р.Леонкавалло “Паяцы” дуурийн Тонио, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Зарецкий, Онегин, Х.Билэгжаргалын “Ламбгуайн нулимс”-ын Лодон, Ж.Пуччини "Тоска" дуурийн  Скарпъя, Б.Шаравын "Чингис хаан" дуурийн Тэмүжин, Ж.Бизегийн  "Кармен" дуурийн Эскамильо,  Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурийн Энрико гээд Монголын болон дэлхийн сонгодог дууриудын гол дүрүүдийг тайзнаа амьдруулж, ямархуу чадал, чансаатай дуучин гэдгээ дэлхийн болон Монголын үзэгчдэд тайлагнасан билээ.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.