Элчин сайдын овсгоо 2 - Наадмын өмнөх 100 "Жаран ес" машин

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Энэ тохиолдлыг хэдэн жилийн өмнө 6О-аад онд Москвад Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөх байсан Дамбын Халзхүү гэх үнэхээр төрийн хар хүн, гүйцэтгэгч ажилтан гэвэл ийм л байдаг болов уу гэхээр сайхан хүн ярьсан юм. Одоо цагт сургамжтай болов уу бас санаа аваасай гэсэндээ л дээхнэ үеийн хариуцлагатай цагийн явдлыг хэлээд байгаа юмаа. Халзхүү гуай орлогч сайд ч хийж явсан байх. Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Д.Моломжамц, П.Жасрай нартай хамт төгсөгч гэсэн байх шүү.

Нэг өдөр Элчин сайд Сономын Лувсан гуай өрөөндөө дууджээ. Дуудлага болгон хатуу боорцог байдгийг тэр мэдэлгүй яахав. Лувсан гуай:

-За Халзхүү минь төвөөс их хүнд даалгавар ирлээ. Та бид хоёр бишгүй хүнд үүрэг биелүүлж байсан боловч энэ удаагийнх шиг хэцүү айхтар даалгавар ирж байгаагүй ээ. Гэвч та бид хоёр чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгээд үзнээ. Наадмын өмнө 1ОО ширхэг цоо шинэ "Жаран ес" машин олоод даруй явуул гэсэн нөхөр Ю.Цэдэнбалын ВИЧ-ээр ирсэн цахилгаан энэ байна. Мөн ч тулгуу байгаа биз. Эд ямар складнаасаа гаргаад өгөх биш. За хүү минь миний нэрийг бариад хөөцөлд. Энэ улаан нүүр хэзээ хэрэг болох нь вэ? Тэгэхэд би суудлаасаа үсрэхэд бэлхэн. Ямар ч байсан чи минь хөлсөө арчаад энэ кофег уучих гэжээ.

-Бүр 1ОО шүү, ямар гутал хувцас биш дээ. Сар ч хүрэхгүй хугацаанд яаж биелүүлэх юм бэ? Хэзээ ч биелдэгдэхгүй утопи зүйл байна гэсэн үг цухал аман дээр нь тулж ирсэн ч гаргасангүй. Цэдэнбал даргын цохлоод ирсэн даалгаврыг хугацаанд нь биелүүлэхгүй бол бараг л төрийн эсрэг ажиллагаа гэхээр аюул байж. Ёстой хоолойд тээглэсэн яс гэдэг нь энэ болжээ.

6О-аад онд атар эзэмших аян хаа сайгүй оволзож, энэ шинэ хувьсгалыг дэмжиж урамшуулах зорилгоор бүх Сангийн аж ахуйн дарга нарыг цоо шинэ машинаар хангахаар Цэдэнбал дарга шийдсэн нь төрийн тэргүүний том зангараг гэхэд болно л доо.Тэр дороо л ЗХУ-ын Гадаадтай Эдийн Засгийн талаар хамтран ажиллах Улсын Хорооны дарга Скычковын туслахтай ярьжээ. Тэр хүн бол Сайд нарын зөвлөлийн орлогч даргын зиндааны аж ахуй эдийн засгийн бүх зүйл энэ хүнээр дамжиж гардаг том нэртэй зүтгэлтэн байжээ. Скычков дээр нэг орны элчингийн хүн байтугай оросын өөрсдийн сайд дарга нар орж чаддаггүй, оочер дугаар хагас сарын өмнө дуусчихдаг юм байж.

-БНМАУ-ын элчин сайд С. Лувсан танай сайдтай уулзах яаралтай хэрэг гарлаа. Манай элчин Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга байсан хүн шүү дээ гээд аваад тавьчихаж. Зэрэг зиндааг ойртуулж байгаа санаатай нь энэ аж. 

-Бүтэшгүй, сайдад таван минут ч гарахгүй их ажилтай байгаа. Лав л ойрын үед горьгүй ээ, гэхдээ дараа уулзуулья гэхэд "Намайг ойлгооч, өнөө маргаашгүй хоолойд тулчихаад байгаа ажил байгаа юм. Цаг наргүй ажиллаж байгааг мэдэж байна. Жаахан ч гэсэн сиймхий гардаг шүү дээ. Цайны цагаар ч хамаагүй. Түүгээр л манай сайдыг шургуулаадхаач гэж гуйжээ. "За би юу ч гэсэн даргадаа хэлээд эргээд хариу өгье. Бүтэхгүй бол надад битгий гомдоорой" гэхэд "Бүтэхгүй юм Зөвлөлт оронд байхгүй шүү" гэхэд үг дуугүй утсаа тавьчихжээ. Тэр хооронд би өрж барж байв. "Хүү минь чи хаа байгаа газраасаа яриарай. Би утаснаасаа салахгүй" гэж Лувсан гуай аминчилжээ. Одоогийнх шиг ямар гар утас байх биш. Утас харуулдана гэдэг л ганц боломж. Гэтэл 2О-хон минутын дараа туслах залуу яриад "Сайд зөвшөөрч байна. Маргааш өглөө эртхэн, ажил цуглахын өмнө маш товчхон уулзана" гэжээ. Түүний сэтгэлд нар ургах шиг болжээ.

Шөнө нь олигтой унтаж чадалгүй, үе үе сэрж цагаа харсаар маргааш яаман дээр нь сайдтайгаа тавьж очжээ. Лувсан гуай тэр үедээ орос хэлэнд маруухан байсан болохоор би амыг нь дагуулж, тааруулсхийгээд заримыг нь жаахан чангалсхийгээд яриад байж. "Эрхэм сайд анд минь, нөхөр Цэдэнбалын даалгаврыг биелүүлэхэд туслаач" гэжээ. "Монгол нөхөд минь ингэж тулгаж хэлэх гэж... Энэ бол яаж ч бодсон бүтэшгүй даалгавар байна. Бүх захиалгыг жилийн эхнээс гэрээ, төлөвлөгөөний дагуу явдагийг хашир Ерөнхий сайдын орлогч Та андахгүй. Ийм яриа хэлцэл дэлхийд ч байхгүй шүү" гэжээ. Хүнд байдалд оржээ.

-Зөвлөлт Монголын хооронд энэ байтугай хүнд хэцүү юм тохиолдож байсан. Тэр бүхнийг давсан. Одоо сайд Та санаа тавьж өгөөч. Энэ бол манай намын удирдагч нөхөр Цэдэнбалын чухалчилан тавьж байгаа санал хүсэлт шүү дээ" гэхэд "Тийм ээ, түүнийг сайн ойлгож байна. Та эдийн засгийн хүн. Бид эдийн засгаа 5,5 жилээр, түүнээс ч олон жилээр харахыг хичээж байна. Гэтэл монголчууд та нар яахлаараа ядаж 5 сарын өмнө харж чаддаггүй юм бэ" гэж жаахан дургүйлхсэн байдалтай болоод эхэлжээ. Энэ үеэр С.Лувсан гуай ухаан, сийлж, овсгоо гаргажээ.

-Үгүй хө, нөхөр сайдаа...З өвлөлт засгийн хөгжлийг монголчууд бид хэвлэл, сониноор сайн мэддэг, бахархдаг. Дөрвөн минутад нэг машин хийдэг гэж би уншсан. Үйлдвэрийн ажилчдыг хоёрхон өдөр жаахан илүү цагаар ажиллуулахад л бидний захиалга бүтээд ирэх юм биш үү? Эх орны дайны үед энэ байтугайг бүтээж байлаа" гээд нөгөөх л аятайхан дулаанаар инээмсэглэжээ. Дипломат ёсонд үнэн сэтгэлийн дур татам инээмсэглэл ажил бүтэхийн тал хувь нь, онцгой чухал зүйлийн нэг ажээ.

Сайд Скычков хэмээх энэ бүдүүн орос хүн үхэхээс бусдыг үзсэн, үхэхээс бусад даалгаврыг биелүүлж ирсэн бурхи сая л ухаан орох шиг гэнэт гайхан толгойгоо өргөн бодолхийлэх шиг болжээ. "За яахав ярилцья. Миний толгой дээр нөхөр Косыгин байгааг санаарай. Тантай, монголчуудтай барьцах яамд, сайд нар ч олон байгаа. Монголын сайд та мөн намайг манай өөрийн холбооны бүгд найрамдахчууд, республикүүдээс илүү шахлаа. Нөхөр минь миний арын өрөө рүү орох уу?" гэжээ. Энэ үед Халзхүү гуайн санаа амарч, хоёр хөгшин сайд учраа олох нь ээ" гэж боджээ. Орчуулагч хэрэгтэй гэсэн болохоор мань эрийг ороход усан үзмийн вино хийж хийж өргөжээ. Ажил бүтсэн хойно тантай арай хатуу юмаар тулгах үе ирэх байхаа гэж монгол дипломатч хэлэхэд "Бүтэхгүй байсан ч тулгах юм байгаа биз дээ" гээд хэзээний андууд шиг сүрхий инээцгээлээ. Скычковын өрөөнөөс гарахад лугар лугар, том том орос сайд дарга, цэргийнхэн генералууд эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж, моод загвар нь хоцрогдож, мөр, ханцуй нь шалхайсан костюмтой хоёр монголын хөлөөс нь толгой руу хүртэл ажигласаар байжээ.

Тэр хоёр барьцаа тавьсангүй. Асуудлаа өдөр бүр дээшлүүлсээр байжээ. Наадам ч дөхөөд байж. Яв явсаар ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Косыгин дээр тулж очжээ. Хэзээ ч олон үг хэлж байгаагүй, хэзээ ч сэтгэлээсээ инээж яваагүй, ямар ч үед егзөр байж чаддаг, зовлонд шаналсан юм шиг үргэлжийн дотогшоогоо дүнсгэр тэрбээр "Монголын талын, нөхөр Ю.Цэдэнбалын хүсэлтийг биелүүл" гэсэн ташуу улаан шугамтай албан даалгавар гаргажээ. "Кремлийн ташуу улаан шугамтыг" давж гарсан ямар албан тушаалтан байдаггүйг тэд хараад өөрийн эрхгүй тэврэлджээ. "За бол за, ёо бол ёо" байсан хариуцлагатай нийгэм гэж үүнийг л хэлэх байх.

ЭРХЭМ ТА ЯЛАНГУЯА АХМАДУУД НЭГ ҮЕ МОНГОЛООР ДҮҮРЭН СААРАЛ "ЖАРАН ЕС" БОЛЧИХСОНЫ ЦААНА НЬ ЮМЖААГИЙН ЦЭДЭНБА УДИРДАГЧИЙН САНААЧИЛГА НЭР ХҮНД, ХОЁР ДИПЛОМАТЧИЙН ОВСГОО САМБАА, УЙГАГҮЙ ДАЙЧИН АЖИЛЛАГАА, УРАН ХАРИЛЦАА БАЙСАН ГЭДГИЙГ ТЭР БОЛГОН МЭДЭЭГҮЙ ДЭЭ.

До.Цэнджав

Холбоотой мэдээлэл:

Элчин сайдын овсгоо 1 - Улсын цирк сүндэрлэн боссон нь - http://mongolcom.mn/read/50602

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.