Э.Бат-Үүл: Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр 160 мянга орчим ажлын байр бий болно

Twitter Print
2014 оны 03-р сар 17-нд 15:01 цагт
Мэдээний зураг,
 

“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Хотын дарга оролцлоо. Тэрээр энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан юм. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг энэ онд эхэлнэ. “Улаанбаатар метро төсөл, “Ухаалаг Улаанбаатар” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд бүтээн байгуулалт өрнүүлэх юм байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай, гурван үе шаттай гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг  энэ онд эхлүүлэх гэнэ. Эхний ээлжинд  Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулахад зориулж энэ онд нийслэлийн төсөвт 16.6 тэрбум төгрөг тусгасан бол дараагийн ээлж нь Хайлааст, Чингэлтэй дэд төв /2016-2020/, Амгалан, Улиастай дэд төв хөтөлбөр /2018-2024/-ийг  тус тус хэрэгжүүлэх гэнэ. Эдгээрт АХБ-ны зээл 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газар 96 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. 

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд нийслэл метротой болох хөтөлбөр багтсан. Ажлын зургууд хийгдэж байгаа, барилгын ажил 2016 онд эхэлнэ гэлээ. Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр 160 мянга орчим ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоог нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа аж. Нийслэлээс энэ жил гэр хорооллын дахин төлөвлөлтийг долоон газар хийхээр төлөвлөсөн байна. Дахин төлөвлөлтөд нийт 152 мянга 502 иргэн хамрагдах аж. 

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршилд 15309 га-д байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар өмчүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ.

Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бичил зээл олгох журам боловсруулж байна.

Энэ онд нийслэлд канад технологийн 17 цэцэрлэг, цэцэрлэг, сургуулийн цогцолбор 16 баригдаж, цэцэрлэг 6700 ороор, сургууль 10500 гаруй суудлаар нэмэгдүүлнэ гэж хотын дарга хэллээ.

Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд 36 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд 20 орчим км замын өргөтгөл шинэлэлтийн ажил хийгдсэн бол энэ онд 55 орчим км замын өргөтгөлийн ажил өрнөнө. Шинээр 44 гаруй км зам баригдана, мөн  байгалийн чулуун зам, гүүрийн засвар шинэчлэлт, автомашины нүхэн гарц, явган хүний гүүрэн гарцын ажил хийгдэх ажээ. Эдгээрт нийт 74 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан, 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр компани, аж ахуйн нэгж албан байгууллагаасаа, иргэд гэрээсээ мэдээлэл үйлчилгээгээ авдаг болно гэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.