Хятад улс 68 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 3-р сард Бээжин хотод Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны чуулган буюу “Хоёр чуулган” хуралдаж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шинэ жилийн ажлаа төлөвлөдөг бөгөөд энэ нь БНХАУ-ын улс төрийн хамгийн чухал үйл хэрэг болдог билээ.

2018 оны 3-р сарын 3-нд Бээжин хотноо Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны чуулган, 3-р сарын 5-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал эхэлсэн бөгөөд “Хоёр чуулган” 3-р сарын 20-нд өндөрлөх юм. Энэ жил БНХАУ-ын бүх муж, өөртөө засах орон, аймаг, хотоос хүрэлцэн ирсэн БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгч “хоёр чуулган”-д оролцож байна.  

 68 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

5-нд эхэлсэн XIII  сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы нээлтэд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын засгийн газрын өнгөрсөн 5 жилийн ажлыг тайлагнасан юм. Тайланд: Өнгөрсөн 5 жилд, Хятадын эдийн засгийн хүчин чадал шинэ шатанд гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юаниас 82.7 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр 30 гаруй хувьд хүрэв. Хурдны төмөр зам, цахим худалдаа, хөдөлгөөнт холбооны төлбөр тооцоо, хуваалцах эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, хурдны төмөр зам 9000 км байсныг 25 мянга гаруй км-т хүргэж, дэлхийн нийт хурдны төмөр замын гурваны хоёр хувийг эзэллээ. Хятад улсад 2012 онд 99 сая ядуу хүн байсныг 2017 оны эцэс гэхэд 30 саяд хүргэсэн. Экологи, байгаль орчин аажмаар сэргэж, чухал хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар багасгаж чадсан гэжээ.

 

 68 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

Тэрээр: Өнгөрсөн 5 жилд, Хятад улс ядуу хүн амын тоог 68 сая гаруйгаар цөөлж, 8 сая 300 мянган хүнийг өөр нутаг руу нүүлгэн амьдралыг нь өөд татаж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 3.1 хувьд хүргэлээ. Оршин суугчдын орлогын жилийн дундаж өсөлтийг 7.4 хувьд хүргэсэн нь улсын эдийн засгийн өсөлтийн хурдаас илүү гарч, дэлхийн хамгийн олон хүн амтай дунд зэргийн орлоготой улс боллоо. Гадаадад жуулчлагсад 83 сая байсан бол 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум хүнийг хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгууллаа. Хятадын хүн амын дундаж наслалт 76.7 хүрсэн гэжээ.

 

 68 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

Тайланд 2018 оны Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ зорилт дэвшүүлсэн билээ. Үүнд ДНБ-ийг 6.5 орчим хувиар өсгөх, хот суурины ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувийн дотор байлгаж, 2020 он гэхэд үлдсэн 30 сая ядуу хүн амыг бүгдийг нь ядуурлаас гаргана гэжээ. БНХАУ-ын 2018 оны хөгжлийн зорилтыг товчлон хүргэе:  

Хэрэглээ 

-Интернетийн хурдыг нэмэгдүүлэн, зардлыг багасгаж, нутаг дамжих дата хураамжийг цуцлан, хөдөлгөөнт сүлжээний дата зардлыг наад зах нь 30 хувиар бууруулна.

-Шинэ эрчим хүчний авто машин худалдан авах татварын хөнгөлөлтийн бодлогыг 3 жилээр сунгана.

-Авто машин, өдөр тутмын хэрэглээний зарим бүтээгдэхүүний импортын татварыг бууруулна.

Орлого

-Засгийн газраас аж ахуйн нэгж болон хувь хүний орлогын албан татварыг 800 гаруй тэрбум юаниар бууруулна.

-Тэтгэвэрт гарсан хүмүүс, хот суурины иргэдийн өндөр насны амьдралын баталгаажих түвшний мөнгийг нэмж, хамгийн бага цалингийн стандартыг зохистой өсгөнө. Хот суурины иргэдийн амьжиргааны баталгаа, нийгмийн халамж, хөнгөлөлтийн стандартыг улам дээшлүүлнэ.

-Төсвийн байгууллагын цалин, нөхөн олговрын тогтолцоог боловсронгуй болгож, ядуу бүсийг түлхүү дэмжинэ.  

Ядуурлыг бууруулах

-2018 онд 10 гаруй сая хүнийг ядуурлаас ангижруулж, 2.8 сая хүн амыг ядуу бүсээс нүүлгэн шилжүүлж, ядуурлаас ангижруулна.

-Туйлын ядуу бүсийг түлхүү дэмжиж, төв санхүүгээс тус бүсэд зарцуулах ядуурлыг бууруулах хөрөнгө оруулалт, шилжүүлэх зардлыг нэмэгдүүлнэ.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй хүнтэй өрх бүрт, хүн болгонд зориулсан баталгааны бодлого хэрэгжүүлнэ.

Эрүүл мэнд

-Ард иргэдийн эрүүл мэндийн даатгалын хүн нэг бүрийн дундаж нөхөн олговорыг 40 юанаар нэмэгдүүлж, 490 юань болгоно.
-Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн хүн нэг бүрийн нөхөн олговрын дундаж хэмжээг нэмэгдүүлнэ.

-Эх нялхсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна.
-Хүнс, эм бэлдмэлийг бүрэн хянаж, мэдээллийг бүх шатанд нарийн хянаж, хэрэглэгчдийг аюулгүй хүнсээр хангана.

-Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, хүхрийн давхар исэл, азотын исэл ялгаруулах хэмжээг 3 хувь, аммиакийн ялгаруулах хэмжээг 2 хувиар бууруулна.

Боловсрол

-Хөдөө орон нутгийн сурагчдын сургууль завсардах байдлыг багасгаж, хот суурины нэг ангид хэт олон сурагч байгааг өөрчилж, бага дунд сургуулийн хүүхдүүдийн хэт ачааллыг бууруулна.
-Суруулийн өмнөх боловсролыг сайжруулж, интернет зэрэг мэдээллийн арга барилаар хүүхдүүдийн сургалтад хяналт тавина.
-Ахлах сургуулийн боловсролыг дэмжинэ.  

Ажлаар хангах

-Ажил мэргэжлийн сургалтыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, "интернет+" арга замаар шинэ ажлын байр бий болгоно.
-2018 онд төгсөх их дээд сургуулийн 8.2 сая оюутны хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны хангалтыг ахиулна. 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлнэ.   

-Нийгмийн гарал, хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоож, хөдөлмөр эрхлэлтийг илүү эрх тэгш, шударга болгоно.

Орон сууц

-Хуучирсан хорооллыг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэн, 2018 онд 5.8 сая орон сууцыг шинээр байгуулж эхэлнэ.  

-Иргэдийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээг дэмжиж, нийтийн орон сууцыг хөгжүүлнэ.

-Хөдөө тосгоноос шилжсэн хүн амын хотжилтыг түргэтгэж, 13 сая хүнийг хотын иргэн болгоно.

-Хуучирсан хорооллыг шинэтгэн засах ажлыг эмх цэгцтэй ахиулж, хуучин байрнуудад цахилгаан шат нэмж байгуулна.

Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлнэ

-5 сая гаруй га өндөр стандартын тариаланг шинээр нэмэгдүүлж, үр ашиг ихтэй усжуулсан талбайг 1.33 сая га-д хүргэнэ.

-Тариачдын орлогыг олон арга замаар нэмэгдүүлнэ.

-Ус, цахилгаанаар хангах, мэдээлэл холбоо зэрэг дэд бүтцийг сайжруулж, хөдөөд 200 мянган км засмал зам шинээр тавих буюу шинэтгэнэ гэжээ.

До.Болдхуяг

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.