Улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын 5 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан.

"Допинггүй монгол бөх" төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таван бөхөөс сэргээш илэрсэн нь тодорхой болсон. Харин хориотой бэлдмэл хэрэглэсэн бөхчүүд  “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлт илэрхийлвэл хоёр дахь шинжилгээний хариу гартал бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй гэдгийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл БНСУ-ын допингийн хяналтын лабораториос ирүүлсэн дүгнэлтэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн бодис жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа аж. Харин улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын дөрвөн бөх “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин Улсын гарьд Ө.Бат-Орших албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.

Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.

Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээн тайлбар хийсэн байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.1) 2018-03-09 16:34
      • 0
      • 0

      Өөө Даш урам хугалав. нөхөдүүд тэгээд цагаан сараар барилдаагүй гэсэн үг үү

      Хариулах