Таканоива А.Баасандорж хаврын башёд эргэж ирнэ

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 11-нд Японы мэргэжлийн сумогийн Хаврын хару башё Осака хотноо эхэлнэ. 

Энэ башёд Их аваргуудаас 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа барилдана. Харин 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал, 72 дахь Ёкозүна Кисэносато нар өвдөгний бэртэл эдгээгүй шалтгаанаар энэ удаа башёг өнжихөөр болжээ. Кисэносатогийн хувьд 6 дахь башёг өнжиж байгаа юм. 

Дээд зиндаан /Макүүчи/-д 71 дэх Их аварга Какүрюү М.Анандаас гадна Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нарын бөхчүүд хүч үзнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 10 давсан Ичиножёо А.Ичинноров Комүсүби цолтой барилдана. Харин 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгаширагийн нэгээс барилдана.

Хаврын башё эхлэх гэж байгаатай холбоотой олон мэдээлэл тараагдаж байгаагийн нэг нь Харумофижи аваргад зодуулж хоёр ч башё өнжөөд байгаа Таканоивагийн тухай мэдээллүүд байна.

Түүний дэвжээний ояаката Таканохана хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж байсан ч хэдхэн хоногийн өмнө болсон өөрийн дэвжээний ивээн тэтгэгч нарын уулзалт дээр хаврын башёд Таканоива сумодоо иргэн ирж барилдах болсон тухай зарлажээ. Тэрбээр Жюүрёо зиндаанд барилдана. 

Энэ тухай өчигдөр хэд хэдэн телевиз, сониноор мэдээлж, албан ёсоор хэвлэлийн хурал зарлан энэ тухай мэдэгдэхгүй байгаад гайхаж байгаагаа илэрхийлжээ. 

Ред: Таканоива А.Баасандорж Японы Тоттори мужийн сүмогийн ахлах сургуулийг 2009 онд төгсөж, Их аварга Таканаханагийн дэвжээнд элсэн орж мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн барилдаж буй. Адьяагийн Баасандорж нь Тайланд улсад болсон Сонирхогчдын сүмо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан.

Өнгөрсөн 2017 оны эхээр Хацү башёгийн эхний өдөр их аварга Хакухо М.Даваажаргалыг хайзайлгаж олныг шуугиулсан Таканоива “Шукун шо” буюу гарамгай барилдааны шагнал хүртэж байсан. Японы алдарт Их аварга Таканаханагийн дэвжээний анхны Монгол бөх юм.

 

 

Э.Гүнтөмөр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.