“Жаст групп”-ийн Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд ял завших боломжгүй гэлээ

Twitter Print
2018 оны 03-р сар 05-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд нар мэдээлэл хийсэн билээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувиар барьцаалуулан баталгаа гаргуулж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Жаст" компани зээл авсан асуудлыг Арбитрийн шүүх хэлэлцээд тус банкны талд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод болгох зорилгоор Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Энхбаяр нарын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьсан. Засгийн газар хариу өгсөн ч АТГ энэ асуудлыг шалгаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Өнөөдөр төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан учраас "Жаст” компанийн өрийг төлөх үүргийг Засгийн газар, "Эрдэнэт" үйлдвэр хүлээж байгаагийн зэрэгцээ тус үйлдвэрийн данс, эд хөрөнгийг битүүмжлэхээр Арбитрын шүүх шийдвэрээ гаргасан ил болсон. Түүнчлэн Засгийн газар эл асуудлаар давж заалдсан боловч гомдлыг хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэснээс нэг өдөрт ихээхэн хэмжээний үндсэн зээл болон хүү төлөх нөхцөл үүслээ.  

Хамгийн ноцтой нь өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдрийн Английн арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт”-ийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас давж заалдах гомдол гаргасан боловч хүлээж аваагүй гэдэг хариуг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл өдөрт 800-900 ам.долларын хүү алданги нэмэгдэж төлөгдөх нөхцөл үүсээд байна.

“Жаст” компанийн зээлсэн мөнгө 2009-2010 оны хооронд нийтдээ 213.3 сая ам.доллар Стандарт банкнаас Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн данс руу гүйлгээ хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн данс руу ороод эргээд “Мелкентал хаус", "Милл" зэрэг компани руу янз бүрийн гүйлгээ хийгджээ. “Эрдэнэт”-ийн дүрмээр 10 сая ам.доллар хүртэл мөнгөнд гүйцэтгэх захирал гарын үсэг зурах эрхтэй. Түүнээс дээшх хэлцэлд ТУЗ-ийн зөвшөөрлийг авч байж гарын үсэг зурдаг байтал тухайн үеийн “Эрдэнэт”-ийн удирдлагууд дээрх хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүй гарын үсэг зуржээ.

Мөн 2013 онд үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах нөхцөл байдал үүсч, буруутнууд хариуцлагаас мултрах болчихоод байна” гэсэн.

Харин өнөөдөр АТГ-аас доорх тодруулгыг өгчээ. 

"Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна.  

Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна" гэсэн байна.

Г.Ганаа

Холбоотой мэдээлэл: 

Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шийдэгдээгүй нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байв уу... - http://mongolcom.mn/read/50611

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.