Гуравхан сая Монголчуудаас 8 олон улсын шатрын Их мастер буюу уг спортын дэлхийн хамгийн том цолтнууд төрсөн байна

Twitter Print
2018 оны 03-р сар 02-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Өвлийн олимп, жүдогийн 3 Эмиратын өмнөөс барилдахаар боллоо энэ тэр гэж шуурч байгаа энэ үед би шатрын хамт олноо төлөөлөөд нэг юм хэлчихье! 

• "Дэлхийн шатрын холбоо" 1924 оны 7 сарын 20-ны өдөр "Бид нэг гэр бүл" гэсэн уриатайгаар байгуулагдаж байв. Одоо ФИДЕ буюу "Дэлхийн шатрын холбоо" 5 тивд нийт 185 улсын гишүүн холбоодтой юм. Зөвхөн энэ байдлаас авч үзэхэд шатар гэгдэх шинжлэх ухаан мөн оюуны спорт маань ямар их цар хүрээ, нэр хүнд, чансаатайг харуулж байгаа хэрэг. 

• 90 сая гаруй хүн амтай улс өнөөг хүртэл ганц ч ОУ-ын шатрын Их мастер цолтонгүй ч дэлхийд өрсөлддөг шатарчид ихтэй бөгөөд их мастер-grandmaster болох гээд өдийг хүртэл "ухантаж" явна. Мөн цухас дурдахад бидний тээгж их цагаачлаад байдаг Япон, Солонгос зэрэг орнууд өнөөг хүртэл ганц ч ОУ-ын шатрын "Их мастер" цолтонгүй байгаа гэдгийг тод тэмдэглэхийн ялдамд Монголын шатарчид хаана ч таарсан үргэлж тэднийг хожиж, улсын хөгжил дутуу ч оюуны хөгжлөөрөө ямагт илүү гэдгээ баталж байна.

Гэтэл улсаас дэмжлэггүй мөн улсын шигшээ багаас төсөв байхгүй гэх үндэслэлээр шатрын спорт хасагдсан хэдий ч гуравхан сая монголчуудаас бүхэл бүтэн 8 Олон улсын шатрын Их мастер буюу уг спортын дэлхийн хамгийн том цолтнууд төрсөн байна, цаашдаа ч олон Их мастер цолтонгууд өлгийдөн авах болтугай!

Гэсэн хэдий ч олон таван юм тоочилгүй, гоморхсон ч гаднаа ил гаргасангүй, зөвхөн зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж үүнийг нь боломжтой эцэг эх, байгууллагууд нь дэмжсээр чимээгүйхэн амжилт өөд даруухан мацаж явна. Харин оюунаа хүндэлдэг ОХУ, Энэтхэг, БНХАУ, Норвеги, Азербайжан, Франц гэх мэт маш олон орнууд бүхий л бололцоогоороо, зөв системтэй дэмжиж өдгөө хамгийн хүчтэй шатарчидтай болоод байна. 

• Шатрын спорт үзэхэд удаан мөн чимээгүй өндөр зэрэглэлийн орчинг үзэгчдээс шаарддаг тул билет борлуулалт муу байж болзошгүй гэх нэрийдлээр олимпийн наадамд өнөөг хүртэл багтаж чадахгүй байгаа ч "Дэлхийн шатрын холбоо" 2 жилд нэг удаа өөрсдийн олимпоо багийн төрлөөр хийгээд түүх бичихэд хангалттай олон жилийг ардаа үджээ. 

• Шатар бол шинжлэх ухаан, урлаг, спортын цогц гэж алдарт эрдэмтнүүд олонтаа хэлсэн байдаг. Ийм ч утгаараа шатар хүнийг соёлжуулан боловсруулдаг. Үүнийг элит гэж нэрлэнэ! Нас, хүйс, жин, өндөр, нам, өргөн, бүдүүн, сонсголтой, сонсголгүй, бэртэлтэй, бэртэлгүй, хараатай, хараагүй гээд бүгдийг харгалзахгүй хүн бүрт ижил түвшинд өрсөлдөх боломжийг шатар олгодог. Үүнийг сонгодог гэж нэрлэнэ!

• Бидний хэдэн шатарчид ёстой л нөгөө эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шиг бүх цаг үед л чимээгүй байсаар ирсэн ч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд оюунлагаар мандуулсаар байгаа гэдгийг бахархалтайгаар хэлчихье!

ОУ-ын шатрын Их мастер А.ЭНХТУУЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.