Мьянмар улс рохинжачуудыг буцааж авахгүйн тулд хилийн хамгаалалтаа чангатгажээ

Twitter Print
2018 оны 03-р сар 02-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Мьянмар улсад хүний эрхийг ноцтой зөрчиж, лалын шашинтай, шашны цөөнх болсон иргэдийг хавчин гадуурхаж байгаа үйл явдал дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж байна.

Тус улсын удирдагч Энхтайвны Нобелийн шагналт Ан Сан Су Чи 2016 онд НҮБ-ын индэр дээрээс рохинжачуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдэг амлалтыг өгч байсан ч харамсалтай нь талаар болж, Мьянмарын армийнхан эрх баригчдынхаа тушаалаар өнгөрсөн оны наймдугаар сард шашны цөөнх гэгддэг роханжи үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулсан юм.

Уг цэргийн ажиллагааны дараахан улс орондоо хавчин гадуурхагдсан хэдэн мянган рохинжачууд Бангладеш улс руу дүрвэсэн. Рохинжа үндэстнүүдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг НҮБ “Угсаатныг цэвэрлэх ажиллагаа” хэмээн тодорхойлсон юм.

НҮБ-ын тоон мэдээллээр ойролцоогоор 700 мянган рохинжа үндэстэн хөрш Бангладеш руу дүрвэсэн гэлээ. Эдгээр дүрвэгсдийн 5000 орчим нь Мьянмар болон Бангладешийн хилийн нарийн зурвас дээр амьдарч байна. Тэд олон улсаас илгээгдэж буй тусламжийн хоол хүнсээр өдөр, хоногийн арай ядан аргацааж буй юм.

Тэгвэл өчигдрөөс эхлэн Мьянмарын армийнхан хилийн зурваст олноороо байршиж, хамгаалалтаа нэмэгдүүлж эхэлжээ. Уг үйл явдалтай холбогдуулан Бангладешийн эрх баригчид Мьянмарын Элчин сайдыг дуудаж уулзан нөхцөл байдлыг тодруулахыг шаарджээ. Бангладеш энэ оны хагас гэхэд бүх дүрвэгчдийг нутаг буцаахаа мэдэгдсэн билээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд Райд Йл Хуссейн Мьянмарт болж байгаа үйл явдлыг "бүтэн нэг ястныг үндсээр нь устгаж байгаагийн тод томруун жишээ" гэж тэмдэглэсэн. Түүний мэдээлснээр олон улсын сэтгүүлчид, хиймэл дагуулаас авсан зураг зэргээс Мьянмарын үндэсний цэрэг хүчний байгууллагын албан хаагчид рохинжачуудын амьдардаг тосгодыг галдаж, зугтааж дүрвэж байгаа иргэд рүү гал нээх зэргээр балмад танхай, зэрлэг авирлаж, яргалал үйлдсэн нь баримтаар нотлогдсон юм.  

Рохинжачуудыг хавчих гадуурхаж байгаа дүрс бичлэг дэлхий дээр амьдарч байгаа лалын шашинтнуудын эгдүүцлийг ихээр төрүүлж байна. Иран шашны томоохон зүтгэлтэн Мьянмарын удирдагчид өгсөн Нобелийн энх тайвны шагналыг "үхэл авч ирсэн Энх тайвны шагнал" гэж тодорхойлсон билээ.

РОХИНЖАЧУУД ГЭЖ ХЭН БЭ?

Мьянмар улсын хувьд хүн амынх нь 80% нь буддын шашинтай, лалын шашинтнууд буюу рохинжачууд цөөнх болж амьдардаг. Рохинжачуудын түүхийг аваад үзвэл 15-р зуунд Мьянмарын газар нутагт ирж худалдаа наймаа эрхэлж байсан араб, турк монголчуудын үр үндэс гэж үздэг. Тухайн үедээ цөөн тооны байсан ч английн колон байх үед буюу 1824 оноос лалын шашинтнууд бүс нутагт будаа тариалахаар олноороо суурьшисан байдаг.

Рохинжачууд Бангладеш улстай хиллэдэг Аракан мужид суурьшисан, ер нь үеийн үед Мьянмар улсын иргэдээр тооцогдож байгаагүй гэж хэлж болно. Үргэлж харийн хүн мэт үзэгдэж ирсэн лалын шашинтай цөөнхүүдээс 1982 онд л анх Мьянмарын иргэн гэсэн статусыг нь авсан. Энэ цагаас хойш Бангладешээс ирсэн хууль бус цагаачид гэж үзэгдэх болсон.

Түүнээс гадна 1990-2000 онуудад цэргийн дэглэмээр улсыг удирдагчид эрх мэдлээ зузаатгахын тулд шашны үзэл суртлыг ихээхэн баримталсан. Үүний үр дүнд буддын шашинтнууд лалын шашинтнуудыг хавчих, хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж судлаачид үздэг. Ер нь Мьянмарын буддын болон лалын шашинтнуудын зөрчил мөргөлдөөн сүүлийн жилүүдэд олон улсын анхаарлыг төвд орсон боловч бүр 20-р зуунаас эхлэлтэй юм.

Өнөөгийн байдлаар 51 сая хүн амтай Мьянмар улсад 800 мянган лалын шашинтнууд амьдарч байна.

Сэтгүүлч С.Чулуунцэцэг

Эх сурвалж: MNC TV 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.