Монгол хойшилж, Казакстан урагшилсаар л...

Twitter Print
2018 оны 03-р сар 06-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарласан билээ.

Монгол Улс 2017 оны байдлаар  36 оноо авч  нийт 180 орноос 103 дугаарт жагссан байдаг. Энэ нь өмнөх жилийнхээс 16  байраар ухарсан үзүүлэлт юм. Тэгвэл  үүний өмнөх үзүүлэлтэд 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байж. Үүнээс харвал Монгол Улс сүүлийн хоёр жилийн дотор 31 байраар ухарсан үзүүлэлт гарсан байгаа юм. Монгол Улс ХБНГУ-ын нийслэл Берлинд төвтэй “Транспаренси Интернэшнл” байгууллагын  2012 оны дүгнэлтээр  Бангладеш, Эквадор, Этиоп, Гватемал, Иран, Казакстан, Мозамбик, Соломоны арал зэрэг 8 улстай 120 дугаар байрыг хуваан эзэлж байсан бол түүнээс хойш 5 жилийн дараа буюу 2017 оны үзүүлэлтээр Казакстан улс даруй 30 байраар урагшилж 91 дүгээрт жагссан байна. Товчхондоо өнгөрсөн 5 жилд Казакстан улс урагшаа огцом ахиж, Монгол Улс хойшилсоор яваа юм.

Монгол Улсын төр засгийн толгойд сууж байгаа ардчилагчид голдуухан 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж, чөлөөт зах зээлийн системд шилжсэнийг “Нэг ч хүний хамраас цус гараагүй, нэг ч цонх хагараагүй” хэмээн сайрхан магтаж, хөрсөн доорхи баялгаа гадныханд найр тавин бэлэглэсээр суутал аль хэдийнэ 28 жил урсаад өнгөрчээ. 1990 оны ардчилсан хувьсгалын нүргээн дунд социализм байгуулахаар 70 жил зүтгэхдээ босгож байгуулсан, Монгол Улсыг тэжээж, тэтгэж байсан бүх л томхон үйлдвэр завод, Сангийн аж ахуйнууд, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг мэдээлэлд хамгийн ойр улстөрчид, тэдний гар хөл болсон өнөөдрийн олигархиуд хувааж, хувьчилж аваад дуусгасан.

Гэтэл 1990-ээд онд зэрэг шахуу нийгмийн байгууламжаа өөрчилж,  яг ижилхэн хөгжлийн гараан дээрээс хамт хөдөлсөн Казакстан улс өнөөдөр эдийн засгийн нийт хүчин чадал, ард иргэдийнхээ амжиргааны түвшингээр дэлхийн шилдэг 30 орны тоонд орох гэж зүтгэж, эдийн засгаараа Азид гайхагдаж байна. Гэтэл Монгол Улс хаана явааг дэлхий андахгүй сайн мэдэж байгаа. 2017 оны гуравдугаар сард Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын гаргасан судалгаагаар Казакстан нь эдийн засгийн нийт хүчин чадлаар Франц, Италийг гүйцэж түрүүлэн Японтой (40 дүгээр байр) бараг нэг түвшинд ирсэн байдаг. ‘‘Heritage Foundation’’-ы тэмдэглэснээр Казахстан улс эдийн засгийн өндөр түвшнийхээ нөлөөгөөр сүүлийн 10 жилд томоохон амжилт гаргаж дэлхийн улс орнууд, тэр дундаа төв Азийн орнуудыг итгэл төгс тэргүүлж буй юм. Тус улсын ДНБ 429 тэрбум ам.доллараас дээш гарч, нэг хүн амд ногдох ДНБ нь 24.268 ам.доллар болж. Харин эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж үзүүлэлт нь сүүлийн таван жилд тав орчим хувь болсон байдаг.

Өнөөдөр Монголын төрийн толгойд байгаа этгээдүүд хүний эрх, эрх чөлөө, ардчилал ярьсаар, дороо дэвхэцсээр суутал бүхэл бүтэн нэгэн шинэ үе гарч ирж, нөгөөх нь алгуурхан устаж мөхөөд дуусч байна. Одоо Монгол Улс Норвеги, Дани, Финландын жишгээр биш юм гэхэд хөрш зэргэлдээ Казакстаны жишгээр Баялгийн сангийн тухай хуулиа ярих цаг болсон. Эрхэм улстөрч нэртэй товаришууд аа, Монголын төрийн толгойд ээжлэн заларч суугаа нөхдүүд ээ, та бүхэн  өнгөрсөн үеэ, одоо цагаа эргээд нэг харцгаа даа.

Ирээдүй рүү бид яаж явах ёстой юм. Өмнөх алдаагаа давтсаар байх юм бол яаж урагшлах юм бэ. Алдаа гаргахаас битгий ай гэж хэлмээр байна. Тиймээс зоригтойгоор Баялгийн сангийн тухай хуулиа батлах хэрэгтэй. Баялгийн сангийн нэгдэл Эрдэнэс Монголыг шинэ бүтцэд оруулж, шинээр хувьцаа, өмчөө бүртгэж авах ёстой гэх мэтчилэн төр өмчөө мэддэг энэ зарчим руу орохгүй бол болохгүй.

Монголын төр өмчөө бүртгэж чадахгүй байгааг “Гадны хөрөнгө оруулагч” нэртэй дээрэмчид овжин ашиглаж, Монгол орны газрын доорхи баялагт эзэн сууцгаасаар, дуртай газраа ухаж сэндийлээд дуусгаж байна. Төрийн өмч зохих ёсны бүртгэлдээ ороод эдийн засгийн эргэлтэд орж хүлээн зөвшөөрөгдөх эрх зүй, тогтоол шийдвэр талаасаа үнэхээр учир дутагдалтай байгааг тэд овжин ашиглаж Оюутолгойгоос эхлээд дэлхийд данстай ордууд өнөөдөр Монголын ард түмэнд ямар ч хүртээлгүй шахам явж байна. Монголын төр өмчдөө эзэн суух, үр өгөөжийг нь ард түмэндээ тэгш эрхтэй хүртээх талаар үнэхээр хангалтгүй ажиллаж байгааг Монголын ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэцгээж байгаа.  

Учир нь 12 жилийн нэг мөчлөг өнгөрчихөөд байхад Монголын ард түмний өмч хөрөнгө, газрын доорхи баялгийг тэгш шударга хуваарилах учиртай  “Эрдэнэс Монгол” компани урагшаа ганц ч алхсангүй. Уул уурхайн үнийн өсөлт, түүнийг дагаж Монголын ард түмэнд ногдох учиртай баялгийн хуваарилалтын талаарх улс төрийн зөв зүйтэй шийдэл өнөөдрийг хүртэл гарсангүй, хэрэгжсэнгүй.

МАН 2016 онд сонгуульд ялахдаа ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юу амалж байсныг ард түмэн мартаагүй, санаж байгаа. Тэд сонгуульд олонхийн санал авч, төрийн толгойд гарцгаахын тулд “1072 ширхэг хувьцааг амилуулах, Эрдэнэс Таван толгойг эргэлтэд оруулах, Баялгийн сан байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан ч өнөөдрийг хүртэл юу ч хийсэнгүй. Эрх баригч МАН давын өмнө амласнаа хэрэгжүүлж, ядаж л Баялгийн сан байгуулах ёстой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг толгойлж буй сайдын хувьд Д.Сумъяабазар уг хуулийн төслийг санаачилж, аль болох хурдан ажил хэрэг болгох учиртай.  

Нэг жарны 12 жил яваад дуусчихаад байхад Монголын төр юу хийж амжуулав. “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сан болгож чадсан уу, өгөөжөө ард түмэнд өгсөн үү. Стратегийн 39 ордоос 16-г нь нэгдэлд оруулсан Засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарах нь гарсан. Гэтэл үүнээс дөнгөж найм нь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байгааг ард иргэдийн ихэнх нь мэдэхгүй л явж байгаа.  

Өнөөдрийн засаг төрийн удирдлагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан сайд нь “Таван толгой эдийн засгийн эргэлтэд орно. Бүх зүйл бэлэн болсон. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярина. Хувьцаагаа бүртгэж аваад хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэл ажлаа хангана. Мэдээж үүнд багагүй хугацаа орно. Гэхдээ  энэ онд багтаах чиглэл өгөөд шахаад ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар энэ онд багтаахгүй бол 2019 онд үйл ажиллагаа нь суларна. Тэгэхээр 12 дугаар сарын 31-нд багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах боломж бололцоо юу байна тэр бүгдийг шахаж ажиллах зарчмын шаардлага тавьж байгаа. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс оронд тустай. Өнөөдөр Таван толгойгоос олж буй орлогоо бид эдийн засаг руу шууд цутгахгүй.  Энэ өвчнийг бид эдийн засаг өсөлттэй байсан 2011 онд хангалттай амссан. Хуримтлал бий болгох хэрэгтэй” хэмээн байнга шахуу ярьж байгаа.

Гэтэл цаг хугацаа яваад байна. Тавантолгойн цахилгаан станцын бэлтгэл ажил хангагдсан, энэ хавраас ажил нь эхэлнэ гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьж байсан. Гэтэл Оюутолгой хөрөнгийн баталгаа гаргаж өгөх эсэх нь эргэлзээтэй болсон талаар сүүлийн өдрүүдэд яригдаж эхлээд байна. Ингэхээр Тавантолгойн цахилгаан станцын асуудал энэ хавар эхлэх нь бас л эргэлзээтэй болоод явчихаж магадгүй. Тэгвэл Оюутолгой Монголын баялгийг ухаж авах цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас авсныхаа төлөө жилд 130 сая ам доллар урагш нь урсгасан хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. Эцсийн эцэст Баялгийн сангийн тухай хуулийг ярьсаар суутал Оюутолгой, Тавантолгойн баялгийн ихэнх хэсгийг ухаж аваад урагш нь зөөгөөд дуусгаж болзошгүй байдал үүсчихээд байгааг Монголын төрийн толгойд суугаа эрхмүүд мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар, өвгөд хөгшид маань “Амьд дээрээ Монголынхоо баялгаас жаахан ч гэсэн хүртэж, өгөөж хишгийг нь амсаж мэдрээд нүд аних юмсан” гэсээр ихэнх нь хорвоогоос буцаад дуусах нь бололтой. Гэтэл Норвеги, Дани, Финланд улсууд Баялгийн санг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хөрсөн доорхи баялгаа ард иргэддээ адил тэгш хуваарилдаг учир тэд дэлхий дээрх хамгийн аз жаргалтай, хамгийн баян чинээлэг амьдарсаар энэ хорвоогоос сэтгэл дүүрэн буцацгааж байна. Хөрш зэргэлдээ Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев ямархуу мэргэн, түргэн бодлого явуулж, 1990 онд яг ижил нөхцөлөөс зах зээлд шилжсэн орныг өнөөдөр ямархуу хүчирхэг эдийн засагтай, ард иргэдээ ямархуу баян чинээлэг болгочихов. Харин Монгол Улс яагаад 27 тэрбум ам долларын гадаад өртэй, эдийн засаг нь хямралтай, ард иргэд нь өдрөөс өдөрт ядууран доройтож явна вэ. Энэ бүхний хариуцлагыг  П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг, С.Баяр, М.Энхсайхан, М.Энхболд, З.Энхболд, Б.Хурц нарын зэрэг 20-30-хан эрхмүүд үүрэх ёстой юу. Хэрэв тэд хариуцлага хүлээх ёстой бол тэр нь хэзээ вэ. Монголд шударга ёсыг хэн тогтоох вэ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.131) 2018-03-09 15:32
      • 0
      • 0

      Назарбаев элбэгдоржийг энэ хулгайч гэсэн маягтай харав.

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.30) 2018-03-08 16:18
      • 0
      • 0

      Эзэнтэй улс аавтай хүүхдүүд өвөг дээдэс ахмад настанаа сонсдог ёс заншилаа дээлэлдэг хүмүүс чинь ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ.

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.221) 2018-03-02 00:22
      • 0
      • 0

      NEG HUNII DEGLEM ETSERGUUTSEL UIMEEN UUSGEDEG

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.89) 2018-03-01 11:16
      • 0
      • 0

      Sain udirdagchtai baisnii l ach bh. Bas ard tumen ni tednee hamgaalj nyagtarch neg zorilgiin zugt yavj chadsan bolohoor gej bodoj bna. Manaih "ardchilal" nertei olon tolgoitoi mangastai baisan ni gadniihand l ashigtai bolson.

      Хариулах