Ж.Батзандан Б.Хурцаас уучлал гуйхгүй, бас С.Баяртай хамт эрлэг рүү явахгүй

Twitter Print
2018 оны 02-р сар 26-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан ил захидал илгээж түүнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Учир нь одоо нийгэмд шуугиан тариад байгаа Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалах үйл явдалд тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг шууд оролцсон хэмээн Ж.Батзандан мэдэгдсэн юм. 

Энэхүү захидлын хариуг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр өглөө. Тэрбээр С.Баярт хандан “Нас маань дөч дөнгөж гарч байна. Хүүхдүүд маань нялх байна. Таньтай хамт эрлэг рүү явах сонирхол алга. Та  яарч байгаа бол явж болно” гээд "Би С.Баярыг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад оролцсон гэж хэлсэн нь үнэн. Энэ асуудлаар намайг шүүхэд өгсөн байсан. Гэтэл 51 хувийг барьцаанд тавих гэрээ С.Баярыг Ерөнхий сайд байхад хийгдсэн байдаг. С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2009 оны аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Харин '''Жаст'' групп ''Эрдэнэт'' үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, ''Стандарт'' банктай 2009 оны долдугаар сард гэрээ байгуулсан байдаг.  Монгол Улсын Үндсэн хуулийн 38.1-т “Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Эдийн засаг, төрийн өмчийг удирдан зохион байгуулах үндсэн эрх, үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих асуудалд Ерөнхий сайд нь оролцоогүй, мэдэхгүй байж болох уу? 

С.Баярын Засгийн газар олон зүйлийг будилуулсан. "Жаст"-ын Батхүү С.Баярын маш ойрын найз. "Эрдэнэт"-ийн Б.Ганзориг С.Баярын маш ойрын хүн. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар томилсон, шууд удирдлаганд нь байсан хүн. Гэтэл Ерөнхий сайд нь надад хамаагүй, би мэдээгүй гэж бултах ямар ч боломжгүй. Би Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газраас хууль хэрэгжүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль бус эсэхийг шалгах хүсэлт гаргасан. Би УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагыг ажлаа хийхийг сануулсан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана. 

Би шинийн 8-ны дотор ахмад хүнтэй хэрүүл тэмцэл хийхийг хүсээгүй. Сар шинэ хуучирсан учраас С.Баяр гуайн ууртай захидалд хариулт өгч байна. С.Баяр гуай ухаантай, хашир, настай хүн юмыг ултай суурьтай бодно гэдэгт итгэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Тэрчлэн шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлал гуйх шийдвэр гарсан тухайд мөн хариу өглөө. ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан худал мэдээлэл тараасан учраас уучлал гуйх ёстой гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Тэрбээр "Шүүхээс Ж.Батзандан Б.Хурцаас уучлал гуйх шаардлагагүй, гэхдээ няцаалт хийх шаардлагатай хэмээн үзсэн. Харин шүүхийн энэ шийдвэрийг ойлгохгүй байна. Тиймээс няцаалт хийхгүй хэмээн Нийслэлийн шүүхэд давж заалдаж байна" гээд “Сар шинийн өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц намайг Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Би ТЕГ-ын ажилтан болон жирийн иргэдээс гомдол, өргөдөл ирсний дагуу Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. Энэ үеэр Б.Хурцтай холбоотой маш олон асуудал яригдсан.

Тухайлбал, Францаас Д.Энхбатыг хулгайлж авчирсан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид худалдахад оролцсон зэрэг хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон гээд олон зүйл яригдсан. Үүнийг нь хэлсний төлөө намайг “Ж.Батзандан надаас уучлалт гуйх ёстой” гэж шүүхэд хандсан юм байна. Харин Баянзүрх дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй, няцаалт хийх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Би Б.Хурцаас уучлал гуйхгүй, няцаалт хийх ч шаардлага байхгүй гэж үзсэн учраас Нийслэлийн шүүхэд давж заалдаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Г.Ганаа

Холбоотой мэдээллийн доорх холбоосоор орж уншина уу.

-С.Баяр: Шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан минь... - http://www.mongolcom.mn/read/50537

-Ж.Батзандах Б.Хурцаас уучлал гуйна - http://www.mongolcom.mn/read/50535

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.