У.Хүрэлсүх сайд аа, таныг Mонголчууд харж, хүлээж байгааг битгий мартаарай...

Twitter Print
2018 оны 02-р сар 26-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийг нь дэмжиж Ерөнхий сайдаар батламжилсан УИХ-ын нэгдсэн чуулганы 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаан дээр “Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна. Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу Ерөнхий сайд байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна” хэмээн Монголчуудын урам сэргэтэл, уухай хадтал итгэлтэй зоригтой үг хэлж байсан.

Тэрбээр эдийн засгийг эрчимтэй сэргээж, том төслүүдийг зоригтой хөдөлгөнө гэсэн. Одоо удахгүй энэ хавраас эхлэн Монголын ард түмэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аль хэр хэлсэндээ хүрдэг, эр хүний зориг, шийдмэг зангаар аль хэр ажил эхлүүлж, өөрөө хэлж байсанчлан аль хэр хяналт тавьж, татвар төлөгчдийн мөнгийг хурган дарга нар хулгайлан цуслахаас  хэр зэрэг бат найдвартай хамгаалахыг нь, ажил хэргийг аль хэр зөв зохистой удирдан чиглүүлэхийг нь харах л үлдэж байна.

Тэрээр үнэхээр эр хүн шиг эрвэлзэж, хэлсэн амандаа эзэн болж доорхи том төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, зангаргатай Ерөнхий сайд шиг бүрэн хяналт тавин ажиллаж чадвал Монголын ард түмэнд үүрд сайн нэрээр дурсагдах, энэ насныхаа алдар нэрийг олж авах болно. Харин урьд өмнөх Ерөнхий нар шиг худлаа амласан, хоосон хийрхсэн үгээр бамбай хийх юм бол үтэр түргэн мартагдаж, өөрөө ч өндөр суудлаасаа удахгүй өнхрөн ойчих болно. Нэг ёсондоо түүний тэргүүлсэн Засгийн газар нэг бол хамгийн хүчтэй, хамгийн оргилсон Засгийн газар байх болно. Үгүй бол маргааш ч шалбаагтай хутгалдаж, өөрөө ч Монголын улстөрөөс эгнэгт шилбүүрдүүлэн алга болоход бэлэн л байх болно. Түүнд ердөө л хоёр сонголт, хоёрхон зам бий. Нэг бол алдрын оргилд гарах, эс бол УИХ дахь 65-ын бүлэг алга урвуулахын төдийд л У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайд газрын гаваар арчигдан алга болох ийм л зам түүнийг хүлээж байгаа.

Ингээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ хавар эхлүүлэхээр ярьж байгаа аварга том төслүүдийг танилцуулъя.  

1.Дорноговь аймгийн Алтанширээ суманд бензинийн үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлнэ. Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлээр барих тус үйлдвэрийг 2021 онд бүрэн ашиглалтад оруулна.

2.Тавантолгойн ордыг цогцоор нь хөдөлгөнө. Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулагчидтай үндэсний компаниудын нэгдэл хамтрах уу, эсвэл Эрдэнэс-Тавантолгой дангаараа орох уу гэдэг шийдлийг  УИХ баталж  өгнө.

3.ТЭЗҮ нь бэлэн болсон Гацууртын төслийг эхлүүлнэ.

4.2019 оны эхний өдрөөс Улаанбаатарт  түүхий нүүрс оруулахгүй учир энэ хавар хямд өртөгтэй маш олон орон сууцны барилга эхлүүлнэ, царцсан барилгын ажлыг эрчимжүүлнэ.

5.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө батлах эсэхээ шийднэ. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан.

6.Хотын захиргааг Яармаг болон, Хөшигийн хөндийн нисэх буудлын зам дагуу нүүлгэх бэлтгэл ажил энэ хавраас эхэлнэ.

7.Ирэх намар гэхэд Улаанбаатарт бүх хүүхэд ямарч сугалаагүйгээр  цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдах Ерөнхий сайдын амлалттай учир олон сургууль цэцэрлэгийн барилгын  ажлыг эрчимжүүлж намар гэхэд дуусгана.

8.Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлнэ.

9.Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийнэ.

10.Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Тавантолгой-Сайншандын 450 км, мөн бензиний үйлдвэр барих Алтанширээ сум руу 20 км төмөр зам барих ажил эхэлнэ.

11.Төслийн компанийнх нь 34 хувийг MCS, Японы Марубени корпорац 66 хувийг нь эзэмшдэг, нэг тэрбум гаруй ам.долларын өртөгтэй, гол хэрэглэгч нь Оюутолгой байх Тавантолгойн цахилгаан станцын ажил энэ хавар эхлэх учиртай.

Ийм л их ажил энэ хавар нүргэлэн эхлэх учиртай. Хэрвээ эдгээр ажилд хэн нэгэн этгээд саад хийх, хөрөнгө мөнгөнөөс нь хулгайлан шамшигдуулах, тендерт нь будлиан үүсгэх, ажлыг нь эхлүүлэхгүй гацааж дундаас нь ашиг завшаан хайх зэрэг Монголын ард түмний эрх ашгийн эсрэг чиглэсэн хортой үйлдлүүд хийх аваас Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хэлсэндээ хүрч төрийн төмөр нүүрээ үзүүлэх ёстой.

Ерөнхий сайд та эр хүн шиг “Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд жигд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ. Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана” гэсэн хэлсэн үгэндээ эзэн болоорой. Монголчууд хэзээнээсээ “Ам алдвал барьж болдоггүй Агт алдвал барьж болдог” гэж хэлцсээр ирсэн нь туйлын их утга учиртай сургааль үг гэдгийг байнга санаж энэ хавар эхлүүлэхээр зорьсон их ажлынхаа ард эр хүн шиг эрвэлзээд гараарай. “Манай Засгийн газар урьд өмнөх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана” гэсэн үгээр тань энэхүү сануулга, Монголын ард түмний хүсэл сэтгэлийн захиасыг өндөрлүүлье. Энэ хавар их ажлын хавар, Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл ассан, ард түмний итгэл сэтгэл сэргэж, сайн цагийн эхлэл эргэлт буцалтгүй айлчлан ирсэн хавар болох болтугай.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.