Конго улсын кобальтын олборлолтод хятадууд хяналтаа тогтоожээ

Twitter Print
2018 оны 06-р сар 28-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Конго улс кобальтын хэрэглээний 80 гаруй хувийг экспортлож байна

Гар утасны баттерэй, цахилгаан автомашины гол түүхий эд болсон кобальтыг /cobalt/ олборлодог гол орон бол Конго улс юм. Шинэ эриний алт хэмээн нэрлэгдэж буй кобальтын эрэлд гарсан Хятадын компаниуд Конго улсын зүүн хэсэгт эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэднийг дагасан хууль бус олборлолт, авилга, хүүхэд болон томчуудын хөдөлмөрийн мөлжлөг газар авчээ.

Кобальтыг аль болох их хэмжээгээр олборлохын тулд техник хэрэгсэл, гар аргыг аль алийг нь ашиглаж байна. Кобальтын хэрэглээ сүүлийн жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн байна.

Кобальт олборлодог хамгийн том ордуудын нэг нь Конго улсын зүүн хэсэгт оршино. Уурхайн гүн 40 метр, Энэхүү ил уурхайг харахад хараар тогтсон газрын давхрага нь кобальт юм. Энэ ил уурхайгаас гэхэд жилдээ 5000 тонн кобальт олборлодог, цаашид 21 мянган тонн болгохоор төлөвлөж байгаагаа уурхайн ажилчид ярьж байна.

Олборлолтоос гарсан кобальтыг боловсруулалтад орж, таны харж буй ногоон өнгийн нунтаг хэлбэртэйгээр экспортод гардаг. Гол худалдан авагч, цаашлаад ухаалаг утасны баттерэй, цахилгаан автомашинд хэрэглэж чадах орон бол БНХАУ. Конгод олборлосон кобальтийн 80 гаруй хувь нь Хятад руу экспортод гарч байна.

Манай улсад алт гар аргаар олборлогчид байдаг шиг Конгод кобальт хууль бусаар, гар аргаар олборлогчид бас бий. Газар дээр нь ирж худалдан авалтаа хийдэг хятадуудад үйлчилдэг эдгээр "нинжа"-нууд өдөрт монгол мөнгөөр тооцоолбол 10,000 орчим төгрөг олдог. Конгогоос экспортод гарч буй нийт кобальтийн гуравны нэг нь хууль бус аргаар олборлож, худалдаалагдсан байдаг гэсэн судалгаа бий.

Хамгийн сэтгэл түгшээсэн асуудал бол кобальтын олборлолтод хортой нөхцөлд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг ил тод явагдаж, тэдэнд анхаарал тавьж, зогсоох талаар эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа явдал юм.

"Кобальт хууль бус аргаар олборлож, худалдан авч байгаа хар захыг манай улсын удирдлагууд цөм мэднэ. Хууль бус худалдаа хятадуудын хяналтан дор явагддаг. Манай улсын удирдагчид авилгад автсан учраас хятадууд хууль тогтоож байна" хэмээн хууль бусаар кобальт олборлогч нэгэн хэллээ.

Бүгд найрамдах Конго улсын хүн амын 70 орчим хувь нь дунджаас доогуур орлоготой иргэд байдаг. Зарим олон улс судлаачид Хятадын удирдагч Ши Жиньпинийн эхэлсэн "шинэ зууны торгоны зам" хөтөлбөр Африкийн орнуудад ихээхэн хөрөнгө оруулалт хаяж, усан болон төмөр замын тээврийг өргөжүүлж байгаа нь цаагуураа Хятадын хөгжилд шаардлагатай байгалийн баялагийг өөсдөдөө улам ойртуулах зорилготой гэж харж байна.

Сүүлийн нэг жилийн дотор кобальтын үнэ Лондонгийн металийн бирж дээр 127 хувиар буюу 82,000 долларт хүрээд байна. Кобальтын эрэлт 2040 он гэхэд 9300 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: France24.com

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.