Крымийн статус тодорхой болж байх шиг

Twitter Print
2014 оны 03-р сар 17-нд 09:22 цагт
Мэдээний зураг,
 

Өчигдөр ням гарагт Крымийн иргэдийн бүх нийтийн санал хураалт амжилттай өндөрлөлөө. Өчигдөр бямба гарагын үдэш нэгтгэж, мөн өнөө өглөө дахин нягталсан дүн мэдээллээр бол санал хураалтад оролцсон нийт иргэдийн 95,7% ОХУ-д нэгдэхийн төлөө саналаа өгсөн байна. Крымийн Дээд зөвлөлийн санал хураалт явуулах комиссийн дарга Михаил Малышев энэ тухай мэдэгдсэнийг ИТАР-ТАСС агентлаг уламжилсан байна.

Тэрчлэн Малышевийн тэмдэглэснээр санал хураалтад оролцсон иргэдийн 3,2 хувь нь Крымийг Украины бүрэлдэхүүнд үлдээх санал өгсөн бол санал хураалтын хуудсанд алдаа гаргасны улмаас 1,1 хувь нь хүчингүй болсон аж. Харин Севастополийн санал хураалтын дүн үүнд тусгагдаагүй болохыг Малышев онцолсон байна.

“Еxit polls” байгууллагын үнэлгээгээр бол Крымийн иргэдийн 93 хувь ОХУ-ын бүрэлдэхүүнд орох санал өгсөн аж. Санал хураалтын цэгүүдэд явуулсан бүртгэлээр иргэдийн нийт ирц 80 хувьд хүрсэн байна. Бүх нийтийн санал хураалтын албан ёсны дүн хараахан гараагүй байгаа ч өнөөдөртөө багтаан Крымийг Оросын Холбооны бүрэлдэхүүнд багтаах өргөдөл өгөх гэж яарч байгаа аж. Севастополь хотын санал хураалтын дүнг өнөөдөр орон нутгийн цагаар 10:00 (Москвагийн цагаар 12:00)-д албан ёсоор мэдээлэх бөгөөд энэ дүнг нэгтгэсний дараа Крымийн Дээд зөвлөлийн төлөөлөгчид Москвад өргөдлөө хүргэхээр өнөөдөр үдээс хойш нисэх юм байна. Урьдчилсан мэдээгээр Севастополь хотын оршин суугчдын 89,3 хувь ОХУ-д нэгдэхийн төлөө саналаа өгсөн тухай хотын ргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Юрий Дойников мэдээлсэн аж.

Крымийн санал хураалтад харин Татарууд 99 хувь оролцоогүй тухай Украины депутат Мустафа Жемилев мэдэгдсэн байна.

Р. Этүгэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.