Б.Лхагвасүрэн: З.Хангалын “Салхич шувуу” бол музейд хүндтэй байр эзлэх бүтээл

Twitter Print
2018 оны 02-р сар 21-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Куба улсын нийслэл Гавана хотод тус улсын Үндэсний симфони оркестрыг монгол маэстро Б.Лхагвасүрэн удирдан хөгжмийн таван бүтээл тоглуулах гэж байна. Манай улсын соёл урлагийн амьдралд томоохон үйл явдал болох уг тоглолт энэ сарын 25-нд болох юм. Удирдаачтай холын замд гарахынх нь өмнө ярилцсан юм.

-Та урд хөршид ажилласаар байна уу. Амралтаа тааруулж гадаадад тоглолт зарлажээ?

-БНХАУ-ын Хөх хот дахь Өвөрмонголын Урлагийн их сургуульд найм дахь жилдээ ажиллаж байна.

-Олон төрлийн хичээл зааж, удирдаачаар ч ажилладаг байсан. Хэвээрээ юү?

-Гурав дахь жилдээ зөвхөн удирдаачийн гэрээтэй ажиллаж байна. Сургуулийнхаа Морин хуурын чуулга болон симфони оркестрыг удирдаж байна. Симфони оркестр багш, оюутан нийлсэн 88  хөгжимчинтэй.

-Кубад болох тоглолтын талаар ярихаас өмнө өнгөрсөн оны амжилтуудынх нь талаар цухас мэдээлэл авах гэсэн юм. Макаод ямар их наадамд оролцсон бэ?

-Тэнд болсон “Торгоны зам” олон улсын урлагийн их наадамд Морин хуурын чуулгаа удирдаж оролцсон. БНХАУ нь Ази болон Баруун Европын томоохон орнуудыг хамруулсан худалдаа, эдийн засгийн олон улсын зам, тойрог байгуулж байгаа юм билээ. Энэ төслөөс санхүүжүүлж маш том  фестиваль зохион байгуулсан нь амжилттай болсон.

-Өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд шавь тань сайн оролцсоноор та “Шилдэг багш” болсон байсан. Энэ тухай тодруулах уу?

-БНХАУ-д болдог төгөлдөр хуурчдын, нас насны ангилалд өрсөлддөг хамгийн том уралдааны гран при шагналыг миний шавь 11 настай сурагч авсан юм. Тэр амжилтыг дагалдаж “Шилдэг багш” гэсэн өргөмжлөл надад ирсэн.

-Та хэдэн хүүхдэд төгөлдөр хуурын хичээл зааж байна вэ?

-Арваад хүүхдэд заадаг. Бага нь гурван настай. Бага насны хүүхдэд хөгжим заах арга барил судалдаг болохоор ийм насанд нь зааж үзэж байна. Болох юм билээ.

-Төгөлдөр хуур сонирхогчид гэж ойлгож болох уу?

-Хятадад хөгжим сурч байгаа хүмүүсийг сонирхогч, мэргэжлийн гэж ялгадаггүй. Хөгжим сурч байгаа болохоос, карьер сурч байгаа юм биш. Хөгжим гэдэг бол карьераас илүү ухагдахуун. Ер нь Барууны орнуудад ч гэсэн тэгж үздэг. Манайд л ийм ойлголтоос салахгүй байна.

-Энэ тухай тусгайлан ярья. Одоо Куба улсад хийх гэж байгаа тоглолтынхоо талаар танилцуулах уу?

-Куба улсын Үндэсний симфони найрал хөгжмийг удирдаж Л.В.Бетховены “Кориолан”, А.Дворжакийн “”Шинэ ертөнцөөс” хэмээх IX симфони, Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмжийн зохиол, З.Хангалын “Эрдэнэсийн уул” балетын адажио, мөн түүний “Салхич шувуу” алдарт бүтээлийг нь тоглуулах юм. Энэ тоглолтыг БНКУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа юм. Элчин сайд Ц.Батбаяр томилолтоор ажилласан улс орон бүртээ Монголынхоо соёл, урлагийг сурталчилж ирсэн хүн. БНХАУ-д Элчингээр сууж байхдаа мөрөөдсөн болгон очиж чаддаггүй Сувдан театрт ХБК-ийнхныг тоглуулж байлаа. Түрүү жил балетчин Д.Алтанхуягийг Кубад олон улсын балетын фестивальд оролцуулсан. Монголоос удирдаач бол анх удаа тоглолт хийх гэж байна. 1978 онд Монголын уран бүтээлчид олуул очиж тоглож байснаас хойш анх удаа томоохон хэмжээний тоглолт болох гэж байгаа юм билээ.

-Удирдан тоглуулахаар сонгосон зохиолууд сонирхолтой санагдлаа. Тухайлбал, Л.В.Бетховеныг яагаад сонгов. Тэгэх тусмаа “Кориалан”-ыг яагаад эгшиглүүлье гэж бодсон бэ?

-Манай монголчууд Л.В.Бетховены хөгжимд дуртай. Магадгүй түүнтэй адил тэмцэгч чанартай болохоор тэр юм болов уу гэж боддог. “Кориолан” бол хөгжмийн зохиолчийн шилдэг бүтээлүүдийн нэг. А.Дворжакийн “Шинэ ертөнцөөс” гэж нэрлэсэн IX симфони ямагт шинэ мэдрэмж төрүүлж байдаг бүтээл. Хэдийгээр хөгжмийн зохиолч А.Дворжак Америкт анх очоод төрсөн сэтгэгдэлдээ тулгуурлаж бичсэн, шинэ газар орон үзээд төрсөн шинэ мэдрэмжээс үүссэн бүтээл  ч өнөө цагт хуучраагүй. Хэзээ ч сонссон энэ бүтээлээс ямагт шинэ мэдрэмж авч чаддаг учраас сонгосон.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Үлэмжийн ертөнц” хэмээх симфони уран сэтгэмж бол бидний цаг үеийн, өөрөөр хэлбэл орчин үеийн хөгжим. Ер бусын ертөнцийг шашны элемент оролцуулж дүрсэлсэн өвөрмөц зохиомжтой хөгжим юм. Мөн хөгжмийн зохиолчийн сайн бүтээлүүдийн нэг. Өмнө нь Токиогийн оркестр  тоглож байлаа. Улсын филармонийн симфони найрал хөгжим Токиод Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр маэстрогийнхоо удирдлагаар тоглохдоо мөн энэ бүтээлийг сонгосон байсан.

Нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын “Эрдэнэсийн уулс” балетын адажио сэтгэлд гэгээ татуулсан сайхан хөгжим. Хүүхэд байхаасаа сонсож дурласан уг бүтээлийг хөтөлбөртөө багтаая гэж бодсон. Мөн З.Хангал багшийн “Салхич шувуу” хэмээх симфони найрал хөгжмийн томоохон бүтээлийг эх ноотоор нь тоглуулах гэж байгаа юм. Хөгжмийн зохиолч өөрөө “Нэг ч ноот хасаж тоглож болохгүй” гэж бичсэн, захисан байдаг ч төрийн концерт зэрэг тоглолтоор  хугацаанд баригдаж, дандаа хасаж тоглож ирсэн түүхтэй. Партитурыг нь судалж үзээд өөрөөр бодож тогловол сайн болох юм байна гэж ойлгосон. Зохиолч юу хүсч байсныг бас олж харсан. Ямар хурдаар тоглох ёстойг ч ойлгосон.

-Ямар хэсгүүдийг хасаж тоглож ирсэн байна?

-Зохиолын өрнөл хэсгийг аваад хаячихдаг байжээ. Оргил хэсэгт олон цохивор хөгжим дуугардаг. Тэр хэсгийг товчилдог байсан юм билээ.

-Та З.Хангалын зохиолуудаас юу мэдэрдэг вэ?

-Хөгжмийн зохиолч З.Хангал багшилж байхад, би сурагч байлаа. Өөрийг нь сайн мэдэх болохоор тэр байх, бүтээлүүдийг нь анхааралтай судалдаг. “Салхич шувуу” бүтээлээс нь 1980-аад оны амьдрал, нийгэм, тэр дундаа тухайн үеийн хүмүүсийн тэмүүлэл,  хоорондын харилцаа болон тэр үеийн томчууд биднийг ямар зүйлд тэмүүлээсэй гэж сургадаг байв гэх зэргийг, өөрөөр хэлбэл тэр үеийн, нийгмийн тухай гэгээн сайхан дурсамжийг мэдэрдэг. Музейд бол маш хүндтэй байр эзлэх бүтээл. Одоо анзаарч байхад зарим хүн өөрийнхөө амьдарч үзээгүй нийгмийг буруушааж, эсэргүүцэж, муулж байдаг. Тухайн цаг үеийн, нийгмийн сайн сайхан бүхнийг хаяад байх нь тэр хэрээр ирээдүйгээсээ хумслахтай адил. Бидний аав ээж, өвгө дээдэс яаж амьдарч байсан бэ гэдгийг ойлгож, мэдэж, мэдэрч байх ёстой. Тэгэхгүй бол амьдралыг залгуулж авч явж чадахгүй шүү дээ.

-З.Хангалын “Салхич шувуу” ийм мэдрэмж төрүүлдэг бүтээл үү?

-Ер нь тэгж хэлж болно.

Р.Оюунжаргал

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.