Баруун өргөө ба Цагаан сар

Twitter Print
2018 оны 02-р сар 14-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Баруун өргөө нь Түшээт ханы дээд өвөг Абтай сайн хаан (1554-1558)-ы гэр өргөө билээ. Монгол төрийн гал голомт өргөө нь Монгол гүрний нийслэл Хархорум, Эрдэнэзуу хийдэд байгаад 1639 онд анхдугаар Богд өндөр гэгээний Өргөө өнөөгийн Нийслэлийн суурийг Ширээт цагаан нуурт тавьсны дараа гал голомт Өргөөг Эрдэнэ зуу хийдийн соёмбот суварган хэрэмнээс нүүлгэн, өндөр Богдын Өргөө шар бүсийн ордны баруун урд талд буюу их талд хүндэтгэн байрлуулснаас хойш “Баруун өргөө” хэмээх болжээ. Баруун талыг эрхэмлэх ёс нь хамгийн хүндтэй айлын гэр нь баруун урд талдаа байрладаг эртний уламжлалтай ажээ. Баруун Өргөөг уламжлал ёсоор шашин төрийн төв орд буюу Богдын шар ордны баруун этгээдэд байрлуулждаг байжээ. Баруун Өргөөний гал голомт нь тулгын гурван чулуутай байжээ.

Баруун өргөө буюу гал голомт Өргөө нь эртний Монголын төрийн гал голомтоо хүндэлдэг ёс заншил хүндэтгэлийг залгамжлан авч, Монгол төрийн галыг бадраан, зулыг асааж бидний үед уламжлуулсан ажээ. Оросын нэрт эрдэмтэн А.М.Позднеев 1877, 1892 онд Баруун Өргөөнд хоёр удаа орж үзэж байснаа бичсэн байна.[1]

Түүний бичснээр Баруун Өргөөг Автай сайн хааны өргөө гэдэг байжээ. Баруун өргөөний гадна дотно байдал, эд хэрэглэл нь номын сүм хэмээгдэх боловч лам нарын эд зүйл цөөн, гуравхан бурхантай, нэг ч лам суудаггүй, ерийн нэгэн том Монгол эсгий гэр байсан ажээ.

Энэхүү монгол гэрт Чингисийн удмын Автай сайн хаан сууж байсан хэмээн олон түмэн их хүндэлдэг байжээ. Автайн ач өндөр гэгээн Занабазар тэр Автай сайн хааны гэр өргөөг Эрдэнэзуугаас Богд Жавзандамба хутагтын өргөөний дэргэд аваачснаар Эрдэнэзууд зөвхөн буурь нь үлджээ. Баруун Өргөөг Өндөр гэгээн шашны сүмийн ёсоор шүншиглэх ёслол хийж, хурал ном хурах болж, тэр цагаас үйл ажиллагаа нь төр шашны шинжтэй Хүрээний хамт нүүж, суурьшиж байжээ.

Хүрээн дэх баруун өргөөг Автай сайн ханы сүм гэнэ. Гадна талаас нь харахад Автай сайн ханы Монгол гэр нь таван хэлтэй өрхтэй хүнийг цочоомоор гайхам том гэр байв. Энгийн монгол гэр түүний хажууд яг л хүүхдийн тоглоом шиг харагдана. Автай сайн ханы монгол гэрт гурван зуугаад хүн уужуу багтах ажээ. 1877 онд би дотор нь орж, тойрон явж үзэхэд бараг л хөндий мэт их зайтай асар том гэр байв. Тэнд хуран цуглуулсан эртний дурсгалт эд зүйл төдий л олон биш боловч тухайн үедээ Монголын түүхийн дурсгалт эд өлгийн зүйлийн музей шиг харагдаж байв.

Тухайлбал, хойд хананд нь байх бурханы хөргийн дэргэдэх нэг их суудал нь Манай улсын (Оросын Эзэнт гүрнийг хэлж буй) эртний их түшлэгт суудалтай их л адилхан мэт байв. Хүмүүсийн яриагаар бол тэр нь Автай сайн ханы суудал юм байна. Түүний хоёр хажууд нь эртний баатар эрс, Автай сайн ханы түшмэлийнх шуумал хөргийг тавьжээ. Хөргийн өндөр нь 2 метр хагас хэртэй.  Дүр догшин, харц ширүүн ажээ. Хөрөгт хуяг дуулга өмсгөж, дээд хэсгийг хүрлээр цутгаж, шижир алтаар бүржээ. Тэрхүү баатар жанжны хөргийг монголчууд бишрэн дээдэлж, Өргөө гэрт орсон хүн бүхэн түүнээс хүч чадал олохыг хүсч мөрөн дээр нь магнайгаа тулгаж, мөргөн адис авдаг гэнэ.

Өргөө гэрийн хананд нум, сум, бамбай, сэлэм зүүжээ. Баруун Өргөөнд 20 лам тогтмол уншлага уншина. Тэд хүрээний аль ч аймагт хамаардаггүй байв.

Хамгийн их хүндэтгэл бүхий Чингис хааны удам Автай сайн ханы өвөг удам нь болох их эрх мэдэл бүхий Түшээт хааныхан Баруун Өргөөний хурал ном, ёслол хүндэтгэлийг эрхлэн гэрийн мод бүрээс хэрэгслийг шинэчлэх, засч сэлбэх, зоог шүүсний бүх зардлыг гаргадаг байжээ.

Битүүний үдэш Түшээт ханыхаас Баруун Өргөөнд ширээ засч идээ шүүс тавин будаалга хийхдээ төмөр зуух хэрэглэдэггүй эртний заншлаар гурван чулуу тулсан тулганд гал асаан ёслол хүндэтгэл үйлдэнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө наран ургах цагт Өргөөний гол дахь гурван чулуу тулсан тулганд Түшээт ханы алтан ургийн нэгэн тайж хатны хамт ирж, хэт цахиж гал асаан “Хаан аавын цахиж асаасан, хатан ээжийн үлээж хөгжөөсөн гал голомт” гэж хэлэхэд хатан нь галаа бадрааж, хуран цугласан хаад ноёд, төрийн сайд, түшмэд золголт хийж, шинэлэх ёсны баяр эхэлдэг байжээ хэмээн Позднеев тэмдэглэсэн буй.

Баруун Өргөөний төр шашны шинжтэй нэг ёслол бол Түвдээс тодруулан залж ирдэг байсан Жавзандамба хутагтыг эхлээн Баруун Өргөөнд оруулж, төрийн ёслол үйлдүүлэн, тангараг өргүүлж, мөргүүлсний дараа ширээнд өргөмжилдөг байжээ. Тухайлбал, 1874 онд VIII Богд Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбууг Төвдөөс залж ирэхэд нь Түшээт хан Насантогтох Богдын шар ордны баруун урд талд байрлаж байсан Баруун өргөөнд хүлээн авч төрийн ёслол үйлдэж тангараг өргүүлсний дараа ширээнд нь өргөмжилж байжээ.

Гал голомт өргөөний зул хүжийг асааж, галыг нь бадраах, хурал ном хурах үүрэгтэй алтан ургийн дөрвөн тойн лам тус өргөөнд жасаалан суудаг байжээ.[2]

Баруун өргөөний төрийн ёслол хүндэтгэл ХХ зууны хориод он хүртэл үргэлжилж байгаад таслагдан хаагджээ.

Баруун Өргөө нь Хуучин Богдын шар ордны баруун урд тал одоогийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг Хүүхдийн урлан бүтээх төвийн хашаан дотор баруун урд өнцөг хавьд байгаад 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед устгагдан хэлмэгдэж, орон буйр нь 1950 –иад оны эцсийн хот тохижилтын ажлын үед газрын хөрснөөс арчигдсан түүхтэй[3] хэмээн профессор С.Ичинноров гуай бичжээ.

Жил бүрийн Цагаан сарын шинийг нэгний өглөө Түшээт ханы төлөөний хүн ирж, “хаан эцгийн цахиж асаасан гал, хатан эхийн үлээж хөгжөөсөн голомт” хэмээн хэлж хэт цахиураар гал асаадаг байсан нь Эзэн Чингисийн гал голомтыг тасралтгүй авч явааг илэрхийлсэн утгатай байв.

1911 онд Монголын тусгаар тогтнол, төр улс дахин сэргэж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн суудалд залсан билээ. Үүнээс хойш Богд хаан, эх дагинын хамт жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өглөө Баруун өргөөнд ирж, гал асаадаг болсон байна. Энэ бол эзэн Чингисийн төрийн залгамж, уламжлалыг хадгалж буй илэрхийлсэн хэрэг юм.[4]

Улмаар Богдын Засгийн газрын гишүүд, сайд,түшмэд цөм Цэргийн яамны дэд сайд,бэйс Насанравжих, Гадаад яамны дэс түшмэл Сөстэй нарын санал болгож, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд Богд хаантанд айлтгаснаар Нийслэл Хүрээний Баруун өргөөний Улаан сахиусны өмнө тангараг өргөсөн байна.[5]

Хожим 1920 оны 1 дүгээр сард Хүрээний нууц бүлгэмийн гишүүд болох С.Данзан, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нар мөн л Нийслэл Хүрээний Баруун Өргөөний улаан сахиусны өмнө тангараг өргөж байжээ.

Богд хаан Өвлийн сүүл сарын 2 буюу 1912 оны 1 сарын 21ны өдөр зарлиг буулгаж, бие даан тусгаар улс болсон тул Цагаан сарын баяраар монгол хэлээр туурвисан цаг тооллын дагуу явуулж байхаар болгож, зурхайчдад монгол цаг тооны бичиг зохиохыг үүрэг болгосон байна.

Төрийн шагналт, Түүхийн ухааны доктор О.Батсайхан, Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт номоос


[1] Позднеев А.М. Монголия и монголы, Результаты поездки в Монголию, исполненной в 1892-1893 гг. Т.1-2, СпБ, типография Императорской АН, 1896 г., Позднеев А. Ургинские хутухты, Исторический очерк их прошлого и современного быта, СпБ., 1879 г.

[2] С.Ичинноров Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар, УБ., 2009 он, 48 дахь тал

[3] С.Ичинноров Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар, УБ., 2009 он, 49 дэх тал

[4] О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт, УБ., 2011 он

[5] Г.Дашням Монгол Улсын тусгаар тогтнол ба Нийслэл Хүрээний Баруун өргөө, Манай Монгол сэтгүүл, 2001, дугаар 01-02, х.28

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.