Наад хүн чинь Монголын радиогийн хүн байна, бүү чулууд...

Twitter Print
2018 оны 02-р сар 13-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

92 оны намар оройхон шиг санагдаж байна. Засгийн газрын шадар сайд Дорлигжавын багт сурвалжлагчаар ажиллах томилолт өвөрлөн АН-26 онгоцонд суулаа даа. Шадар сайдын багт Баян-Өлгий,Увс аймгуудыг хариуцсан засгийн газрын түшмэдүүд бас багтсан байв. Дөрвүүл яваа хэрэг. АН-26 гэдэг маань ачааны онгоц. Мөнөөх онгоцонд Хэнтийн Чандганы сангийн аж ахуйгаас Казакстан улс руу нүүж яваа хэд хэдэн айл гэрээ аччихсан дандаа өрхийн тэргүүнүүд нь ачаагаа тойроод завилаад сууцгаачихсан. Онгоц хөөрөөд удаагүй байтал нүүдэлчид маань архи задлан тойруулж эхэлснээ удаа ч үгүй халцгааж шадар сайд руу үг шидэлж эхэллээ.

-Та нар муусайнуудаас болоод эх орноосоо дүрвэж байна. 

-Эгэл жирийн амьдарч болоод байсан төр засгийг хөмрөөд юү болгож байгаагаа хар та нар.

-Удахгүй энэ ард түмэн босоод үстэй толгой сэвстэй гүзээг чинь шороотой холиод өгөхөд та нар юү хийснээ ойлгоноо гэх мэтээр загнаж байснаа босоод ирцгээлээ.

Шадар сайдын хоморгонд бүгд л өртөх янзтай болоод явчихлаа. Хоёр түшмэдийн маань нэг нь намайг нудраад авахаар нь бослоо доо. Очоод чадах чинээгээрээ л аргадлаа. Аргадах тусам өнөөдүүлийн дуу чангарна. Намайг арай ч шанаадчихсангүй. Монголын радиогийн өндөр нэр хүнд миний шанаа дух хоёрын өмнүүр хана хэрэм болоод байгааг би ч бас ойлгохтойгоо. Нөгөөдүүлийг ятгаад болохгүй болохоор нь дуугаа жаахан өндөрсгөхөөр жаахан дарагдацгаана. Төдөлгүй л босоод ирцгээнэ. Сүүлдээ Шадар сайдыгаа нисгэгчдийн бүхээг рүү оруулж жаал намдаалаа.

Гэтэл Өлгийд биднийг бүр аюултай зүйл угтаж байж. Намайг нисгэгчийн бүхээгт дуудахаар нь яваад ортол Өлгийд баахан хүмүүс босоод онгоц буудлыг бүсэлчихсэн маш ноцтой байдал үүссэн байна. Иймд чигээ өөрчлөөд Улаангомд бууя гэсэн саналыг нисэх баг гаргаж. Харин Шадар сайд зөвшөөрсөнгүй. Ард түмнээсээ эмээдэг Шадар сайд гэж хаашаа харсан юм байдаг юм гээд хөндөлдлөө.

Би юугаа хэлэх вэ дээ хоёр талыг харж жаал гайхаж байгаад буцаад суудалдаа суулаа. Нисэх багийхан Шадар сайдын эрүүл мэнд амь насыг хариуцаж яваа улс үүргээ биелүүлсэн нь л тэр л дээ. Ингээд л Баян-Өлгийд буулаа.

Үнэхээр ч Өлгийнхөн мориндоо мордчихож. Мориндоо мордох ч юү байхав дээ ачир дээрээ баахан тоосго, чулуу барьсан залуус, араар нь хатгаасны хижээл эрчүүд өвгөцүүл сахлаа унжуулаад ханалаад зогсчихсон. Төр засгийнхаа төлөөлөгчийг ингэж угтах ч гэж дээ гэж бодохоос дур ч гутах шиг.

Цагдаагийн нэг ахмад онгоцонд орж ирээд байдал тун ноцтой болсон онгоцноос гарч болохгүй гээд л сүржигнэж гарлаа. Ерөнхийдөө буцаад нис гэсэн санааг хэлээд байгааг нь Шадар сайд маш сайн ойлгоод байгаа шинжтэй.

-Энэ таны үг үү эсвэл аймгийн засаг дарга ингэж хэлүүлэв үү гэсэнд нөгөө ахмад гацаж ээрээд таг.

-Та төрийн төлөөлөгч. Гарч энэ хүмүүсээ зохицуул. Бид ч тантай цуг гарна. Би нэг аймаг орондоо ажиллахаар ирж байгаа шадар сайд, Африкт очоогүй ойлгов уу гэж чангахан хэлчихээд Шадар сайд онгоцны ар хэсэг рүү алхлаа. Ачааны онгоц учраас араараа онгойдог хэрэг. Тэгсэн нисгэгч хориглолоо.

-Таны амь насыг бид хариуцаж байгаа. Нэг сахилгагүй хүүхэд чулуу шидээд толгойг чинь хагалчихвал бид л хариуцлагыг нь хүлээнэ. Та миний үгэнд орох ёстой. Хамгаалалт иртэл гарч болохгүй.

Миний сэтгэлд нэг зэвүүн чихраа дуутай хөдөлгүүр гэнэт аслаа. Шал дампуу юм гэсэн бодол төрмөгц шууд л гараад буудлын зүг алхлаа. Тэгтэл өлмий хавьцаа тоосгоны дөрөвний нэг пад гээд унатал нэг нөхөр чанга хашгирч байнаа.

-Наад хүн чинь Монголын радиогийн хүн байна, бүү чулууд. Тэр хар юмыг эвдэж болохгүй гэснээ хасгаар хашгирч гарлаа. Онгоц буудлын ажилтан бололтой нэг нөхөр хаалгатайгаа хөлс нь гоожчихсан ноцолдоно. Цаанаас нь чулуу тоосго баригсад нэвтэрч орох гэж уйгагүй үзээстэй.

-Бучуу гараарай, бучуул гээд л нөгөө нөхөр бачимдангуй. Гараад л олон дотор оруут хар аппаратаа асаагаад яасан ийсэн яагаад ингэж бужигнах болов гээд л сурвалжлагаа хийж эхэллээ. Хүмүүс жийрхээд зугтаад байна. Сүүлдээ өдлөө.

-Еэ чааваас даа, алив чи нааш ир, юү санаж бодоод байгаагаа нэрээ хэлж байгаад энэ аппаратанд хэлээд аль гэдэг байдаггүй хэн ч зориглож ирдэггүй. Сүүлдээ хөөцөлдлөө. Өнөөдүүл надаас зугтана, би араас нь элдэнэ. Бөөгнөрөөд хашгиралдаад байсан хэсэг залуусыг чиглэтэл тэд бутраад зугадлаа. Араас нь элдээд гүйцдэггүй ээ.

Ингэж мунгинаж байтал ашгүй маяктай жаран ес дагасан хэдэн машин онгоц руу очиж өнөөдүүлийг аваад хашаанаас гарч ирмэгц хурдаа авлаа. Араас нь баахан чулуу тоосго газар мөргөөд уналаа. Миний зориг ч бадарлаа. Аймгийн захиргаан дээр хурал болж байхад гадна нь мөнөөх босогчид баарцаглаастай би ч микрофоноо сэлэм шиг далайгаад элдэнэ.

Нэг иймэрхүү дүр зурагтай кино ший шиг хоёр хоноод Өлгийгөөс явж билээ. Биднийг Ховд голын хөндий уруудтал хамгаалалтын арваад машинтай цагдаа хүчнийхэн дагаж явсан даа. Тэндээсээ Увсад ирэхэд намраараа налайгаад л Намсрай дарга нь яралзтал инээгээд л тосож билээ. Нуруу амрах шиг санагдсан шүү, тэгэхэд.

Доржзовдын Энхболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.